2026 онд зах зээлд гарах Android флагман гар утаснууд 24 ГБ оператив сан бүхий хүчирхэг төхөөрөмжүүд болж хувирч магадгүй байна. Шинжээч Digital Chat Station-ын мэдээлснээр Qualcomm-ийн Snapdragon 8 Elite 2 болон MediaTek-ийн Dimensity 9500 чипүүд хиймэл оюун ухааны хоёр дахин өндөр тооцооллын чадамжийг хангахын тулд өмнөх үеийн төхөөрөмжүүдээс илүү их санах ой шаардлагатай болжээ.
Өнгөрсөн жил 24 ГБ RAM нь өндөр өртөгтэй байсан тул үйлдвэрлэгчид 12 болон 16 ГБ дээр тогтсон байсан. Гэвч Snapdragon 8 Elite 2 нь 100 TOPS хүртэлх хиймэл оюун ухааны тооцооллыг дэмжиж, Dimensity 9500 мөн ижил түвшний гүйцэтгэлийг үзүүлж буй нь энэхүү хязгаарлалтыг өөрчилж мэднэ.
Geekbench 6 тестийн үр дүн ч үүнийг баталж байна. Snapdragon 8 Elite 2 нь нэг цөмийн тестэд 4000 гаруй, олон цөмийнхөд 11,000 гаруй оноо авсан бол Dimensity 9500 ч мөн адил өндөр үзүүлэлттэй гарчээ (3900+/11000+ оноо).
Эдгээр чипүүд нь зөвхөн хүчирхэг гүйцэтгэлээрээ биш, хиймэл оюун ухааны хэрэглээнд зориулагдсан архитектуртай гэдгээрээ онцлогтой. Энэ нь AI функцийг шууд төхөөрөмж дээрээ ажиллуулах, үүлэн тооцооллоос хамаарал багатай байх боломжийг олгож, өндөр хурдтай, хувийн нууц хамгаалсан туршлагыг хэрэглэгчдэд санал болгоно.
Үүний үр дүнд ухаалаг гар утас үйлдвэрлэгчид 24 ГБ RAM болон 1 ТБ багтаамж бүхий дотоод санг танилцуулах талаар бодож эхэлжээ. Тиймээс 2026 он гар утасны салбарт хиймэл оюун ухаан болон хэт өндөр үзүүлэлтийн туйл руу ахих шинэ эрин үе эхлэх жил болох нь дамжиггүй.