Их Британийн Девон хотоос гаралтай Дейв Ричардс хэмээх 75 настай эр хүн төрөлхтөний түүхэнд анх удаа 3D-принтерээр хэвлэсэн нүүрний хиймэл эрхтэн зүүлээ. Энэхүү технологийн дэвшлийг ашиглан бүтээсэн орбитал хиймэл нүүр нь түүнд итгэл найдвар, амьдралын шинэ боломж авчирсан байна.
2021 оны долдугаар сард согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочийн гарт осолд орсон Ричардс унадаг дугуй унаж явахдаа ноцтой гэмтэл авсан бөгөөд нүүр болон хавирга нь хүндээр гэмтсэн байна. Улмаар тэрээр Бристол хотын Саутмид эмнэлэгт хэд хэдэн нөхөн сэргээх мэс засалд орж, удаан хугацаанд нөхөн сэргээх эмчилгээ хийлгэжээ.
Bristol 3D Medical Centre нь Их Британид 3D дүрслэл болон хэвлэлтийг нэг дор хослуулан ашигладаг анхны эмнэлгийн байгууллага юм. Тус төвд хэрэглэгддэг Mini Factory-ийн үйлдвэрлэсэн PEEK 3D-принтер нь 250 хэм хүртэл халаагддаг тусгай камертай, өндөр нарийвчлалтай хэвлэх боломжтой том оврын систем бөгөөд үүний тусламжтай Ричардсын орбитал хиймэл нүүрийг бүтээжээ. Мөн түүний хүзүүн дээрх сорвийг багасгах зорилготой шинийг ч мөн адил 3D хэвлэлтийн аргаар хийсэн байна.
Энэхүү төвийн инженер, эмч нар өвчтөний гэмтэл авсан эрхтнүүдийн 3D загварыг ашиглан мэс засал хийх газар, цусны судал, мэдрэл зэргийг өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох боломжтой байдаг. Эмнэлгийн зориулалтын тусгай өрөөнд хүний биеийн бүтцийг нарийн зураглаж, мэс засалд бүрэн бэлтгэх боломж бүрддэг.
Ингэснээр эмчилгээний үр дүн сайжирч, өвчтөнд учирч болзошгүй эрсдлийг эрс багасгаж байгаа юм.
Сүүлийн үед 3D хэвлэлтийн технологи эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд ердөө 9 цагийн дотор олон тоогоор үйлдвэрлэх боломжтой зөөлөн робот бүтээсэн талаар өмнө нь мэдээлж байсан. Түүнчлэн Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн их сургуулийн эрдэмтэд дотроос нь эрхтэнд органик материал түрхэж чадах уян хатан 3D биопринтер зохион бүтээсэн нь ирээдүйд томоохон мэс засал хийхгүйгээр эмчилгээ хийх боломжийг олгоно хэмээн найдаж байна.
Энэ бүх дэвшил нь анагаах ухааны ирээдүйг шинэ шатанд гаргаж, хүний амьдралын чанарыг мэдэгдэхүйц сайжруулахад чиглэж буйг харуулж байна.

2 сэтгэгдэл
Ямар гайхалтай дэвшил вэ! Шинжлэх ухаан үнэхээр хол явжээ
3D принтер ийм хэмжээнд хүрсэн гэж бодоход итгэмээргүй юм!