Биткоины ханш 100 мянган доллар давж, крипто зах зээлд өсөлтийн дохио өглөө

нийтлэгч Содном Энхбаяр
Биткоины

Нийтэлсэн: Уянга Эрдэнэбилэг | 2025 оны 5-р сарын 9

Криптовалютын зах зээл АНУ болон Их Британийн хооронд байгуулсан шинэ худалдааны гэрээний дараа дахин идэвхжиж, биткоины ханш 100 мянган ам.долларын босгыг даван өсөлтийн шинэ шат руу орлоо. Энэ нь 2025 оны хоёрдугаар сараас хойш анх удаа ийм түвшинд хүрч байгаа нь зах зээлд итгэл сэргэж буйг илтгэнэ хэмээн шинжээчид онцолж байна.

Өчигдөр буюу пүрэв гаргийн үд дунд биткоин 101,329.97 ам.доллараар арилжаалагдаж, тухайн өдрийн эхний үнээсээ 4.7%-иар өссөн байна. Энэ нь биткоины 1-р сард тогтоосон 109,000 ам.долларын дээд ханшаас доогуур байгаа ч ханшийн сэргэлтийн тод дохио боллоо. Үүнтэй зэрэгцэн эфириум ч мөн 14 хувиар өсч, 2,050.46 ам.долларт хүрсэн нь зах зээлийн өргөн хүрээний сэргэлтийг бататгаж байна.

Эдийн засгийн энэ сэргэлтийн нэг том хүчин зүйл нь Ерөнхийлөгч Дональд Трамп болон Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нарын байгуулсан шинэ худалдааны хэлэлцээр юм. Энэхүү гэрээний дагуу Америкт импортлогдох Британийн бараанд 10 хувийн татвар тогтоохоор болсон бол Их Британи АНУ-аас орж ирэх бүтээгдэхүүнд ногдуулж байсан татварыг 5.1%-иас 1.8% болгон бууруулахаар тохирсон байна. Энэхүү хэлэлцээр нь Трампын Цагаан ордонд эргэн ирсэнээс хойш байгуулсан анхны худалдааны гэрээ бөгөөд олон улсын худалдааны маргааныг намжаах чухал алхам хэмээн үнэлэгдэж байна.

Гэсэн ч криптовалютын орчны хувьд Трампын бодлогын хэрэгжилт удаашралтай байгаад шүүмжлэл өрнөсөөр ирсэн. Тэрбээр криптовалютыг дэмжинэ гэж мэдэгдсэн ч бодит өөрчлөлт хараахан гараагүйгээс болж хоёрдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл биткоин болон бусад токенуудын ханш огцом уналтад орсон юм. Ялангуяа дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн зарласан өргөн хүрээний гаалийн тарифууд нь криптовалютын зах зээлд тогтворгүй байдал үүсгэж, эрсдэлийг нэмэгдүүлсэн.

Гэсэн хэдий ч шинээр байгуулагдсан худалдааны гэрээ нь дэлхийн эдийн засагт итгэл төрүүлж, хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйг эерэг болгож, криптовалютын ханш дахин өсөх хандлагатай болж байна. Энэ нь биткоин болон бусад хөрөнгийн анхаарал татсан сэргэлтийн эхлэл болж болох юм.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.