Зарим AI загварууд нэг асуултад 50 дахин их CO₂ ялгаруулдаг нь илчлэгдэв

нийтлэгч Содном Энхбаяр
AI

АНУ-ын иргэдийн дөрөвний нэг нь хиймэл оюун ухаантай өдөр бүр хэд хэдэн удаа харилцаж, 28 хувь нь өдөрт дор хаяж нэг удаа имэйл бичих, аялал төлөвлөх зэрэг энгийн зорилгоор ашигладаг гэжээ. Гэвч хиймэл оюун ухааны ашиглалт байгаль орчинд хэрхэн нөлөөлж буй талаар олон нийт төдийлөн ойлголтгүй хэвээр байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, ChatGPT-ээс нэг асуулт асуухад Google-ийн ердийн хайлтаас даруй 10 дахин их цахилгаан зарцуулдаг байна. Харин шинжлэх ухааны “Frontiers” сэтгүүлд хэвлэгдсэн шинэ судалгаагаар зарим AI систем нэг асуултад бусдаас 50 дахин их нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂) ялгаруулж байгааг тогтоожээ.

Энэ ялгаа нь AI-ийн боловсруулдаг “токен” буюу өгөгдлийн хэмжээ, загварын нарийвчлалаас ихээхэн хамаардаг аж. Ухаалаг, гүнзгий боловсруулалт шаарддаг загварууд дунджаар нэг хариулт гаргахад 543.5 токен хэрэглэдэг бол товч, энгийн хариулт гаргадаг загварууд ердөө 37.7 токен ашигладаг байна. Илүү их токен хэрэглэгдэх тусам эрчим хүчний хэрэглээ, түүнтэй уялдан CO₂ ялгаруулалт нэмэгддэг.

Сэдэв болон агуулгын төвөгтэй байдал ч ялгаруулалтад нөлөөлдөг. Жишээ нь, философи, хийсвэр математикийн чиглэлийн асуултууд түүхийн хичээлтэй холбоотой асуултуудаас зургаа дахин их CO₂ ялгаруулсан байна.

AI загварын бүтэц ч ялгаралтад шууд нөлөөтэйг судалгаа баталсан. 70 тэрбум параметртэй DeepSeek R1 загвар 600,000 асуултад хариулахдаа Лондон-Нью-Йоркийн хоёр талын нислэгтэй дүйцэх хэмжээний CO₂ ялгаруулсан бол 72 тэрбум параметртэй Qwen 2.5 загвар ижил хэмжээний ялгаруулалтаар 1.9 сая асуултад хариулах чадвартай байжээ.

Судлаачид хэрэглэгчдийг хиймэл оюун ухааныг ашиглахдаа түүний байгаль орчинд үзүүлж буй нөлөөг ухамсарлаж, илүү хариуцлагатай, зохистой хэрэглээг эрхэмлэхийг уриалж байна.

Холбоотой нийтлэлүүд

3 сэтгэгдэл

Есу 6 сар 26, 2025 - 5:02 pm

Технологиуд хөгжихийн хэрээр байгаль орчноо мартаж болохгүй шүү

Дэлгэрэнгүй унших Reply
Кутукуй 6 сар 26, 2025 - 5:09 pm

AI ашиглах болгондоо CO₂ гэж бодоогүй шүү, сонирхолтой мэдээ байна!

Дэлгэрэнгүй унших Reply
Джаха 6 сар 26, 2025 - 5:11 pm

Ирээдүйд илүү байгальд ээлтэй шийдлүүд гарна гэж найдаж байна

Дэлгэрэнгүй унших Reply

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.