Galaxy Z TriFold – гурван нугалаатай ирээдүйн загвар
Өмнөд Солонгосын технологийн аварга Samsung анхны гурван хэсэгт нугардаг ухаалаг гар утасныхаа Galaxy Z TriFold загварыг албан ёсоор танилцууллаа. Энэхүү шинэчлэл бол дэлхийн ухаалаг гар утасны зах зээлд хийгдсэн хамгийн том технологийн алхмуудын нэг гэж шинжээчид онцолж байна.
Korea Economic Daily сонинд нийтэлснээр тус төхөөрөмж нь нэг дор гурван цэгээр нугардаг U хэлбэрийн шинэ механизмыг ашиглах бөгөөд энэ нь дэлгэцийг гэмтэл болон эвдрэлээс илүү сайн хамгаалдаг гэнэ. Нугалсан үед утасны зузаан 12–15 мм байх аж.
Хүчирхэг дотоод бүтэц ба камерын шинэчлэл
Galaxy Z TriFold нь хамгийн сүүлийн үеийн Qualcomm Snapdragon 8 Elite Gen 5 процессороор ажиллах бөгөөд титан их бие, нийт 5000 мАч-аас дээш багтаамжтай гурван нимгэн цахиур-нүүрстөрөгчийн батерей суурилуулах юм.
Шинэ загварын гол онцлог нь 200 мегапикселийн үндсэн камер бөгөөд 100 дахин томруулах чадвартай гэж эх сурвалжууд мэдээлсэн байна. Энэ нь одоогийн ухаалаг гар утасны камеруудын дийлэнхээс давсан үзүүлэлт юм.
Huawei Mate XT-тэй шууд өрсөлдөнө
Samsung-ийн “гурвалсан” утасны худалдаа тун удахгүй эхлэх төлөвтэй байгаа бөгөөд уг төхөөрөмж нь зах зээл дээрх ижил төрлийн цорын ганц өрсөлдөгч болох Huawei Mate XT загвартай шууд өрсөлдөх юм.
Шинжээчдийн үзэж буйгаар Galaxy Z TriFold нь дэлгэцийн технологи, батерейны зохион байгуулалт, камерын хүч чадлын хувьд ирээдүйн “флагман” стандарт тогтоох загвар болох магадлал өндөр байна.