Pixel 10 одоо iPhone, iPad, Mac-тэй шууд файл солилцоно
Google нь Pixel 10 утсанд шинэ боломж нэвтрүүлж, Apple-ийн төхөөрөмжүүдтэй AirDrop-оор файл хуваалцах дэмжлэгийг албан ёсоор нэмлээ. Үүний ачаар Pixel 10 эзэмшигчид iPhone, iPad, Mac руугаа файл илгээж, мөн тэднээс файлыг хүлээн авах боломжтой болоод байна.
Эхний шатанд энэхүү функц зөвхөн хамгийн сүүлийн үеийн Pixel 10 загварт л ажиллаж байгаа ч цаашдаа брэндийн өөр бусад Pixel төхөөрөмжүүдэд түгээгдэх төлөвтэй байгаа гэж мэдээлжээ.
AirDrop–оор файлаа хэрхэн солилцох вэ?
Apple төхөөрөмж рүү файл дамжуулахын тулд эхлээд тухайн iPhone, iPad эсвэл Mac-ийг 10 минутын турш “хүн бүрт харагдах” (Everyone) горимд оруулах шаардлагатай. Үүний дараа Pixel 10 утас Quick Share-ээр дамжуулан ойролцоо байгаа Apple төхөөрөмжийг илрүүлж, тухайн iPhone эсвэл Mac-ийн дэлгэц дээр AirDrop-ын танил мэдэгдэл гарч ирнэ. Хэрэглэгч зөвшөөрснөөр файл дамжуулалт эхэлнэ.
Эсрэг чиглэлд, өөрөөр хэлбэл Apple төхөөрөмжөөс Pixel рүү илгээх үед мөн адил зарчим үйлчилнэ. Pixel 10 ойролцоох төхөөрөмжүүдэд илрэх боломжтой байх ёстой бөгөөд файлыг илгээх үйл явц нь Apple талаас эхэлж, баталгаажуулсны дараа дамжуулалт хийгдэнэ.
AirDrop анх удаа Apple-ээс “гарч”, Android-тэй холбогдож байна
Энэ боломж нь бүх Android төхөөрөмжид зориулсан шинэчлэлт биш, зөвхөн Pixel 10-д хэрэгжиж буй функц гэдгийг онцолж байна. Гэсэн хэдий ч энэ өөрчлөлт нь экосистемийн түвшинд чухал алхам болж байна. Урьд нь AirDrop нь Apple-ийн хаалттай экосистем доторх хэрэглэгчдэд л зориулагдсан, “дотоод” онцгой функц байсаар ирсэн.
Харин одоо RCS-ээр дамжуулсан платформ хоорондын мессеж илгээх боломжтой болсонтой хамт AirDrop интеграц нь Android болон Apple-ийн хооронд файл солилцох процессыг илүү нээлттэй, ашиглахад хялбар болгож эхэллээ. Pixel 10 нь Android ба iOS хоёрын “хана” суларч эхэлж буйг харуулсан анхны бодит жишээ болж байна.