Үнэгүй онлайн номын сангийн нэг гэж өөрсдийгөө тодорхойлдог Аннагийн архив Spotify-ийн өгөгдлийн хамгийн том олон нийтийн архивыг байгуулсан талаар мэдээлэгдлээ. Тус төсөл нь Spotify-ийн серверийг хакердаагүй, мөн DRM хамгаалалтыг тойрч гараагүй гэх тайлбартайгаар вэб хуудасны өгөгдөл цуглуулах аргаар мэдээллээ бүрдүүлсэн гэжээ.
“Бараг бүх сан”-г хамарсан гэх 300 ТБ хэмжээтэй цуглуулга
Төслийн мэдээлснээр тэд нийтдээ 300 терабайт орчим хэмжээтэй өгөгдөл цуглуулсан байна. Үүнд 256 сая орчим дуу болон 86 сая аудио файлын мета өгөгдөл багтсан бөгөөд платформын бараг бүх контентыг хамруулсан гэж үзэж буйгаа дурджээ. Файлууд OGG Vorbis форматаар, 160 Kbps битийн хурдтай хадгалагдсан бөгөөд эх мета өгөгдлийг нь алдагдуулахгүй авч үлдсэн гэж тайлбарласан байна.
Аннагийн архив энэ ажлаа соёлын өвийг хадгалах зорилготой архивын санаачилга гэж тодорхойлж, урт хугацаанд мэдээлэл “алга болох” эрсдэлээс хамгаалах нэг хэлбэр гэж үзжээ.
Spotify “зөвшөөрөлгүй цуглуулсан” гэж мэдэгдэв
Spotify уг явдлыг баталсан бөгөөд өгөгдлийг зөвшөөрөлгүйгээр цуглуулсан, DRM хамгаалалттай холбоотой зөрчил гарсан гэж мэдээлсэн байна. Ийнхүү нэг тал нь соёлын өвийг хадгалах архив гэж үзэж буй бол нөгөө тал нь эрх, хамгаалалтын зөрчил гэж тайлбарлаж байгаа нь маргаан дагуулж байна.
1 сэтгэгдэл
Ийм их дата гэж итгэмээргүй юм аа