YouTube зөвхөн хиймэл оюун ухаанаар үүсгэсэн бичлэг нийтэлдэг сувгуудыг их хэмжээгээр устгаж, цэвэрлэж эхэлсэн нь платформын түүхэн дэх хамгийн том “AI цэвэрлэгээ” болсон талаар мэдээлэгдэж байна. Устсан сувгуудын дунд 11 сая гаруй захиалагч, нийт 1 тэрбум гаруй үзэлттэй, хиймэл оюун ухаан дээр суурилсан хамгийн том суваг хүртэл багтжээ.
Хиймэл оюун ашигласан контенттой том сувгууд нэг өдрөөр алга болов
The Verge сонины Kapwing компанийн тайланд үндэслэн мэдээлснээр, устгалд өртсөн сувгуудын дунд өмнө нь 5.9 сая гаруй захиалагч, 1.2 тэрбум орчим үзэлттэй байсан Cuentos Facianantes суваг оржээ. Тус суваг нь чанар муутай, хиймэл оюун ухаанаар үүсгэсэн Dragon Ball сэдэвтэй видеонуудыг их хэмжээгээр үйлдвэрлэж, “хиймэл оюун ухааны хог хаягдал”-ын хамгийн том эх үүсвэрийн нэг гэж нэрлэгддэг байв.
Мөн 5.8 сая гаруй дагагчтай, “итгэлийг бэхжүүлэх хөгжилтэй интерактив асуулт хариулт” санал болгодог Imperio de Jesus нэртэй христийн чиглэлийн суваг ч платформоос алга болсон байна.
Эдгээрээс гадна Héroes de Fantasía, Adhamali-0, Roupa25 зэрэг нийт 16 суваг устгалд өртөж, заримынх нь сувгийг шууд хааж, заримынх нь видеог бүрэн цэвэрлэсэн байна.
“AI муурны театр” хоосон суваг болон үлдлээ
Цэвэрлэгээний дараа зарим суваг албан ёсоор платформ дээр үлдсэн ч бүх видеогоо алдсан байна. Тухайлбал, 2 сая гаруй захиалагчтай Super Cat League суваг сувгийн түвшинд бүртгэлтэй хэвээр байгаа ч бүх контентоо алдсан. Тус суваг өөрийгөө “дэлхийн №1 хиймэл оюун ухааны муурны театр” хэмээн тодорхойлж, хэт бодит мэт харагдах амьтдын хиймэл оюунд суурилсан видеонууд нийтэлдэг байсан.
Ингэж нэг мөчид тэрбум гаруй үзэлттэй, сая сая захиалагчтай сувгуудын ихэнх нь платформоос алга болсон нь YouTube хиймэл оюунд суурилсан, бага чанартай, автоматаар үйлдвэрлэсэн контентод илүү хатуу хандаж эхэлсний илрэл гэж дүгнэгдэж байна.
Нил Моханы мэдэгдлийн дараах “AI цэвэрлэгээ”
Сувгуудыг бөөнөөр нь устгасан үйл явдал YouTube-ийн гүйцэтгэх захирал Нил Мохан хиймэл оюун ухаанаар үүсгэсэн контентын асуудлыг ил тод хөндсөнөөс хэдхэн долоо хоногийн дараа тохиолдсон. Тэр өмнөх ярилцлагууддаа чанар муутай, автомат үүсгэсэн видеонуудын тархалтыг хязгаарлахын тулд спам болон кликбейтийн эсрэг одоо ажиллаж буй системүүдийг ашиглана гэж онцолсон байдаг.
Ингэснээр платформ ямар төрлийн хиймэл оюун суурьтай контентыг дэмжиж, аль төрлийг нь спам, хог хаягдал гэж үзэх бодлогоо бодит алхмаар харуулж эхэллээ гэж хэлж болохоор байна.
YouTube чимээгүй байна, цэвэрлэгээ түр зуурынх уу эсвэл бүр мөсөн үү?
YouTube талд The Verge сонин албан ёсны тайлбар авахыг оролдсон ч компани хариу өгөхөөс татгалзсан тул эдгээр сувгийг бүр мөсөн устгасан уу, эсвэл тодорхой хугацааны хориг, шалгалтын дэглэмд оруулсан уу гэдэг нь тодорхойгүй хэвээр байна.
Өмнө нь платформ хуурамч кино трейлер, төөрөгдүүлсэн томъёолол ашигласан сувгуудыг хааж байсан ч нөгөө талаас бүтээгчдэд богино хэмжээний кино, туршилт, креатив контентод хиймэл оюун ухааны хэрэгсэл ашиглахыг идэвхтэй уриалсаар байгаа. Тиймээс YouTube нэг талаар AI-г дэмжиж, нөгөө талаар автоматаар үйлдвэрлэсэн, чанаргүй, масс контентыг хязгаарлах хоёр талт бодлого хэрэгжүүлж эхэлсэн дүр зураг ажиглагдаж байна.