Үндсэн iPhone 18-ыг хойшлуулж, гурван дээд загварт бүх анхаарлаа төвлөрүүлнэ
Apple компани 2026 онд стратегиа эрс өөрчилж, зөвхөн дээд зэрэглэлийн iPhone загваруудаа л зах зээлд гаргахаар төлөвлөж байгаа талаар Nikkei Asia дөрвөн бие даасан эх сурвалжаас эш татан мэдээллээ.
Тэдний мэдээлснээр, компанийн 2026 оны хоёрдугаар хагасын гол төлөвлөгөө нь гурван “flagship” загвар дээр төвлөрнө. Үүнд анхны нугардаг iPhone, мөн сайжруулсан камер, томорсон дэлгэцтэй хоёр ширхэг энгийн (нугарахгүй) дээд зэрэглэлийн iPhone багтаж байгаа аж.
Харин хэрэглэгчдийн хооронд өргөн хүрээнд борлогддог стандарт iPhone 18-ыг 2026 онд огт гаргахгүй, зөвхөн 2027 оны эхний хагаст танилцуулахаар хойшлуулсан гэж эх сурвалжууд онцолж байна.
Нугардаг iPhone–оос үүдэлтэй эрсдэл, өссөн зардал стратегийг өөрчилжээ
Энэ шийдвэр нь хоёр том хүчин зүйлтэй холбоотой гэж тайлбарлаж байна.
Нэгдүгээрт, маркетингийн стратеги өөрчлөгдөж, Apple илүү өндөр ашигтай дээд зэрэглэлийн сегментэд төвлөрөхөөр шийджээ. Сүүлийн жилүүдэд Pro, Pro Max зэрэг дээд загваруудын борлуулалт, ашиг нь компанийн орлогын бүтэц дэх жингээ эрс нэмэгдүүлсэн учраас Apple “premium”-ийг үндсэн тулгуураа болгох хандлагатай байна.
Хоёрдугаарт, нийлүүлэлтийн сүлжээний хязгаарлалт, өртөг нэмэгдэж буй нь стандартад зориулсан хямд, олон тооны хувилбаруудыг давхар хөгжүүлэхийг илүү эрсдэлтэй болгожээ. Ялангуяа санах ойн чип, түүхий эд материалын үнэ өссөн, түүн дээр анхны нугардаг iPhone–ын үйлдвэрлэлийн технологи хамаагүй төвөгтэй, алдаа гарах эрсдэл өндөр байгаа нь Apple-ийг моделийн тоог багасгаж, бүтээмж, тогтвортой байдлыг нэгдүгээрт тавихад хүргэсэн гэж дүгнэж байна.
Nikkei Asia-д ярьсан iPhone нийлүүлэгч компанийн удирдлагын нэг нь компанийн дотоод чиг баримжааг тайлбарлахдаа энэ жил Apple-д нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал стратегийн гол зорилтын нэг болж хувирсныг онцолжээ. Түүний хэлснээр, дотоод маркетингийн шинэ чиглэл нь дээд зэрэглэлийн загваруудыг эрэмбэлж, хөгжүүлэлт, нөөцийг тэд рүү төвлөрүүлэх шийдвэрт хүчтэй нөлөөлсөн байна.
Сайн орлого, хүчтэй эрэлт Apple-д “эрс шийдвэр” гаргах боломж өгч байна
Энэ бүх төлөвлөгөө Apple-ийн санхүүгийн үзүүлэлт таатай үед гарч буй нь мөн анхаарал татна. Өнгөрсөн улирлын тайлангаар компани орлогын хувьд Уолл Стрийтийн шинжээчдийн таамгийг давж чадсан. Үүнд ялангуяа iPhone-ийн эрэлт өндөр хэвээр байгаа, түүнчлэн Хятадын зах зээлд борлуулалт сэргэж, урьдчилсан хүлээлтээс илүү гарсан нь гол нөлөө үзүүлжээ.
Гүйцэтгэх захирал Тим Күүк Ройтерст өгсөн тайлбартаа шинэ загваруудын эрэлтийг
“гайхалтай”
хэмээн тодорхойлсон нь компанийн удирдлагын ирээдүйн талаархи итгэл өндөр байгааг харуулж байна.
Ийм нөхцөл байдалд Apple илүү эрсдэлтэй, өндөр өртөгтэй нугардаг iPhone төслийг түрүүлж “түлхэх”, үүний зэрэгцээ дээд зэрэглэлийн энгийн загваруудаа илүү хүчтэй байршуулж, стандарт iPhone 18-ыг нэг жилээр хойшлуулах боломжтой болсон гэж шинжээчид үзэж байна.
2026 он Apple-ийн хувьд “зөвхөн дээд лигт тоглох” жил болох төлөвтэй байгаа бөгөөд энэ алхам хэрэглэгчид, зах зээл, өрсөлдөгчид хэрхэн нөлөөлөх нь ойрын жилүүдийн хамгийн сонирхолтой асуултын нэг болж байна.