Xiaomi алдагдсан эд зүйлсийг олоход зориулсан авсаархан трекер төхөөрөмжөө “Tag” нэрээр зарлалаа. Тус төхөөрөмжийн гол онцлог нь хоёр өөр экосистемд нэгэн зэрэг ажиллах боломжтой байх төлөвтэй байгаа явдал бөгөөд Google-ийн Find Hub болон Apple-ийн Find My үйлчилгээтэй нийцнэ гэж мэдээлжээ.
Францын Xiaomi-ийн вэбсайтад нийтлэгдсэн мэдээллээр зууван хэлбэртэй трекер нь зөвхөн цагаан өнгөөр худалдаанд гарна. Үнийн хувьд нэг ширхэг нь 17 евро, дөрвөөр багцалсан хувилбар нь 59 еврогийн үнэтэй байх юм.
Үйлдвэрлэгч төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийг албан ёсоор хараахан дэлгээгүй байна. Гэсэн ч найдвартай мэдээлэгч Роланд Квандтын өгсөн мэдээллээр Xiaomi Tag нь Bluetooth 5.4 болон NFC модулиудтай, харин UWB дэмжлэггүй аж. Төхөөрөмжийн гэрний зузаан 7.2 мм бөгөөд нэг ширхэг CR2032 батерейгаар нэг жил хүртэл ажиллах боломжтой гэжээ.
Мөн уг трекер Apple болон Google-ийн байршил тогтоох үйлчилгээтэй нийцтэй байх бөгөөд Xiaomi Европт худалдаалагдаж эхлэх тодорхой хугацааг одоогоор зарлаагүй байна.