iOS 26.3 шинэчлэл гарснаас хойш iPhone хэрэглэгчид төхөөрөмжийн ажиллагаатай холбоотой олон төрлийн асуудал гарч байгаа талаар гомдоллох болжээ. Зарим нь Apple-ийн зүгээс засвар шаардсан хэвээр байгаа бол заримыг нь хэрэглэгч өөрөө энгийн аргаар шийдэх боломжтой байна.
Камер ажиллахгүй болох
Хамгийн олон давтагдаж буй гомдол нь камерын апп ажиллахгүй болох явдал байна. Апп нээгдээд хар дэлгэц харуулах, эсвэл шууд хаагдах тохиолдол ажиглагдаж, энэ нь зураг авах төдийгүй видео дуудлага, QR-код уншуулах зэрэгт ч нөлөөлжээ. Ихэнхдээ iPhone-оо хүчээр дахин асаах (forced restart) эсвэл камерын зөвшөөрлийн тохиргоог шалгах нь тус болдог. Хэрэв үр дүнгүй бол тохиргоог сэргээх сонголтыг ашиглаж болно.
Мэдэгдэл ирэхгүй байх
Зарим хэрэглэгчийн хувьд пуш мэдэгдэл ирэхээ больсон ч тухайн апп руу ормогц мэдэгдэл дотроо харагдаж байгаа аж. Ийм үед мэдэгдлийн тохиргоо, “Бүү саад бол” горим идэвхжсэн эсэх, мобайл дата эсвэл Wi-Fi холболт, энерги хэмнэх горим, мөн асуудалтай аппыг устгаад дахин суулгах зэрэг аргыг туршиж болохыг дурджээ.
Face ID саатах, алдаа өгөх
Face ID тодорхой аппууд дээр, тухайлбал банкны аппууд дээр удаашрах, алдаа өгөх, эсвэл огт ажиллахгүй болох тохиолдол бүртгэгджээ. Энэ үед хүчээр дахин асаах эсвэл Face ID тохиргоог дахин хийснээр асуудал намдах нь бий гэжээ.
Гар гацах, анимаци “тасалдах”
Шинэчлэлтийн дараа гар гацах, эсвэл хөдөлгөөнт дүрслэл нь “тасалдсан” мэт харагдах тохиолдол гарч байна. Ихэнхдээ энэ нь түр зуурынх бөгөөд төхөөрөмж файлуудаа оновчлох, индексжүүлэх явцтай холбоотой байж болзошгүй гэж тайлбарлажээ. Асуудлыг дахин асаалтаар, эсвэл гарын толь бичгийг сэргээх замаар засах боломжтой гэж дурдсан байна.
Шинэчлэх эсэх тухай
iOS 26.4 нь хэдэн долоо хоногийн дараа гарч, засвар, оновчлолуудыг багтаана гэжээ. Хэрэв iPhone өдөр тутмын хэрэглээнд тань онц чухал бол шинэ хувилбар тогтвортой болсон нь баталгаажих хүртэл хүлээх нь дээр. Ерөнхийдөө шинэчлэлтийг эхний алдаанууд засагдсаны дараа хийх нь зохимжтой гэж мэдээлэлд дурдсан байна.