Дронуудын дулаан мэдрэгчийг хуурч болох сул тал илэрлээ

нийтлэгч Содном Энхбаяр
Дронуудын дулаан мэдрэгчийг хуурч болох сул тал илэрлээ

Судлаачид дулаан камерын гурван эмзэг талыг тогтоов

Флоридагийн их сургуулийн судлаачид дрон, робот болон өөрөө явагч тээврийн хэрэгслүүдэд ашиглагддаг дулаан мэдрэгчтэй камеруудыг тодорхой нөхцөлд хуурч болдгийг тогтоожээ. Судалгаагаар эдгээр камер нь бодит объектыг “харахгүй өнгөрөх” эсвэл байхгүй зүйлийг илрүүлж байгаа мэт буруу мэдээлэл үүсгэх боломжтой нь ил болсон байна.

Эрдэмтэд дулаан мэдрэгчийн гурван гол сул талыг тодорхойлсон бөгөөд үүнд дүрс тэгшлэх процесс, сенсорын калибровк, линзийн ажиллагаа багтжээ. Эдгээр үе шатанд температурын мэдээллийг боловсруулж дүрс болгон хувиргадаг бөгөөд тодорхой дулааны хээ, орчны нөлөөллөөр энэ процесс гажууддаг байна.

Судалгаагаар тусгай дулааны дохио ашиглан камерын дотоод боловсруулалтад нөлөөлөх боломжтой бөгөөд ингэснээр объект илүү халуун, хүйтэн эсвэл бүр огт байхгүй мэт харагдах нөхцөл үүсдэг. Энэ нь аюулгүй байдлын систем, тухайлбал саад илрүүлэх ажиллагаанд шууд нөлөөлөх эрсдэлтэй юм.

“Бидний илрүүлсэн зүйлс бүгд сенсорын дотор явагддаг. Тиймээс өгөгдөл нь дрон эсвэл автомашин боловсруулахоос өмнө аль хэдийн гажуудсан байдаг” гэж судалгааны багийн гишүүн Сара Рампадзи тайлбарласан байна.

Шинэ хамгаалалтын арга боловсруулж байна

Энэхүү сул талыг арилгахын тулд судлаачид бодит цагт ажиллах хамгаалалтын арга боловсруулжээ. Уг шийдэл нь сенсорын орж ирж буй өгөгдлийг шинжилж, сэжигтэй дулааны дохиог илрүүлэн боловсруулалтаас хасах зарчмаар ажилладаг.

Судалгааг баталгаажуулахын тулд эрдэмтэд том хэмжээний өгөгдөл болон янз бүрийн халдлагын нөхцөлийг дуурайлган туршиж үзсэн байна. Энэ үйл явцад HiPerGator суперкомпьютер ашиглан олон туршилтыг зэрэг явуулж, дулаан мэдрэгчийн зан төлөвийг нарийвчлан шинжилжээ.

Мөн судалгааны баг үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, ирээдүйн дулаан мэдрэгчийн системүүдийг илүү найдвартай, хамгаалалттай болгох чиглэлд ажиллаж байгаа аж. Судалгааны үр дүнг Network and Distributed System Security Symposium хуралд танилцуулсан байна.

Энэхүү нээлт нь өндөр технологийн автоном системүүд хүртэл орчны дулааны нөлөөнд эмзэг байж болохыг харуулж, аюулгүй байдлын алгоритмуудыг тасралтгүй сайжруулах шаардлагатайг онцолж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.