Meta компани Creator Fast Track нэртэй шинэ хөтөлбөрөө танилцуулж, TikTok, YouTube болон Instagram платформ дээр аль хэдийн дагагчтай контент бүтээгчдийг Facebook руу татах зорилго тавьжээ.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд оролцогчдод гурван сарын хугацаанд тогтмол төлбөр олгох бөгөөд Reels бичлэгүүдэд нэмэлт хандалт, мөнгөжүүлэх системд хурдан нэвтрэх боломжийг санал болгож байна.
Оролцох нөхцөл нь дагагчдын тооноос хамаарна. 100 мянгаас дээш дагагчтай хэрэглэгчид сард 1000 ам.доллар авах бол 1 саяас дээш дагагчтай бол сард 3000 ам.долларын урамшуулал авах боломжтой.
Meta зөвхөн мөнгөн урамшууллаар хязгаарлахгүй, оролцогчдын зарим Reels бичлэгийг илүү өргөн хүрээнд түгээхээр төлөвлөсөн. Мөн Facebook Content Monetization системд шууд нэвтрэх эрх олгож, хөтөлбөр дууссаны дараа ч орлого олох боломжийг үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Тус компани энэхүү алхмаараа бусад платформ дээр аль хэдийн амжилттай болсон контент бүтээгчдийг Facebook-д татахыг зорьж байгаагаа ил тод илэрхийлсэн. Учир нь олон бүтээгчид Facebook дээр эхнээс нь хөгжихөд хүндрэлтэй байдаг тул Fast Track нь энэ үйл явцыг хөнгөвчлөх зорилготой юм.
Мөн Facebook мөнгөжүүлэлтийн үзүүлэлтүүдээ шинэчилж, ямар үзэлт орлогод тооцогддог, 1000 үзэлт дунджаар хэдий хэмжээний орлого авчирдаг, ямар үзэлтүүд орлого авчрахгүйг илүү тодорхой харуулах болсон байна.
Meta компанийн мэдээлснээр 2025 онд Facebook платформ нийт 3 тэрбум ам.долларыг контент бүтээгчдэд олгосон нь өмнөх оноос 35 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний 60 орчим хувь нь Reels-ээс бүрдсэн бол үлдсэн нь Stories, зураг болон текстэн нийтлэлээс бүрджээ.