АНУ-ын сансар судлалын байгууллага NASA сарны тойрог замд станц байгуулах Gateway төслийг түр зогсоож, бүх нөөцөө сарны гадаргуу дээр байнгын суурь станц байгуулахад чиглүүлэх шийдвэр гаргалаа.
Энэхүү өөрчлөлтийг тус байгууллагын шинэ захирал Жаред Айзаакмэн Вашингтонд болсон арга хэмжээний үеэр танилцуулсан байна. Тэрбээр “Gateway төслийг одоогийн түвшинд нь түр зогсоож, сарны гадаргуу дээр тогтвортой үйл ажиллагаа явуулах дэд бүтцэд анхаарлаа хандуулах болсон нь хэний ч гайхах зүйл биш гэж би бодож байна” хэмээн мэдэгджээ.
Gateway станц нь сарны тойрог замд байрлан судалгаа хийхээс гадна сансрын нисэгчдийг сарны гадаргуу дээр буухаас өмнөх дамжлагын цэг болгон ашиглах зорилготой байсан. Уг төслийг Northrop Grumman болон Lanteris Space Systems зэрэг компаниуд NASA-гийн захиалгаар хэрэгжүүлж байв.
Гэвч тойрог замд зориулан бүтээж эхэлсэн системийг гадаргуу дээрх станцын хэрэгцээнд шууд шилжүүлэхэд тодорхой хүндрэлүүд тулгарч байгааг онцолжээ. Айзаакмэн “Тоног төхөөрөмжүүд болон ажлын хуваарийг өөрчлөхөд бодит бэрхшээлүүд бий. Гэсэн ч бид эдгээрийг гадаргуугийн болон бусад төслүүдэд дахин ашиглах боломжтой гэж үзэж байна” гэж хэлсэн байна.
NASA олон жилийн дараа сарыг дахин судлах Artemis хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Шинэ стратеги нь тус хөтөлбөрийн зорилго, чиглэлийг илүү оновчтой болгоход чиглэж байна.
АНУ-ын гол өрсөлдөгч Хятад улс 2030 он гэхэд саран дээр хүн буулгах зорилготой ажиллаж байгаа нь NASA-г төлөвлөгөөгөө илүү хурдан, үр дүнтэй болгох шаардлагатай болгожээ.