Samsung компани Android 16 дээр суурилсан One UI 8.5 хувилбарын өргөтгөсөн бета туршилтыг албан ёсоор эхлүүллээ. Энэхүү хөтөлбөрт Galaxy S24 цувралын S24, S24+, S24 Ultra болон S24 FE загварууд хамрагдаж байна.
Анхны бета хувилбар одоогоор Энэтхэг, Өмнөд Солонгос, Их Британийн хэрэглэгчдэд нээгдсэн бөгөөд цаашид бусад улсуудад өргөжүүлэхээр төлөвлөжээ. Шинэчлэлийн хэмжээ 4109.04 МБ байна.
Туршилтад оролцохын тулд хэрэглэгчид Samsung Members аппликейшнаар дамжуулан бүртгүүлэх шаардлагатай. Аппликейшний нүүр хуудсан дээрх One UI 8.5-ийн мэдээлэл бүхий баннерийг сонгон зааврын дагуу бүртгүүлсний дараа шинэчлэл “Програм хангамжийн шинэчлэл” хэсгээр татагдах боломжтой болно. Урьдчилсан хувилбар суулгахын өмнө чухал мэдээллээ нөөцлөхийг зөвлөж байна.
Шинэ хувилбар нь хиймэл оюуны боломжуудыг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг сайжруулахад төвлөрчээ. Photo Assist функцэд зураг олон удаа засварлахдаа шат бүрийг хадгалахгүйгээр ажиллах боломж нэмэгдсэн. Мөн Bixby дуу хоолойн туслах нь байгалийн хэл ойлгох чадвартай болж, харилцан ярианы түүхийг хажуугийн самбарт харах боломжтой болсон байна.
Аюулгүй байдлын хүрээнд олон удаа буруу нууц үг оруулахад дэлгэцийг автоматаар түгжих функц нэмэгдсэн. Үүнээс гадна цаг агаарын виджетийг сайжруулж, батарейн хэрэглээний дэлгэрэнгүй статистик нэмэгдсэн бөгөөд Quick Share функцийн хамгаалалтыг сайжруулжээ.
One UI 8.5-ийн тогтвортой хувилбарыг 2026 оны тавдугаар сард танилцуулах төлөвтэй бөгөөд бета туршилтын хугацаанд хэд хэдэн засвар, сайжруулалтын шинэчлэлүүд хийгдэх юм.