Google компани Gemini платформд шинэ switching tools функцийг танилцуулж, бусад хиймэл оюунт чатботуудаас өгөгдөл болон чатын түүхийг шууд шилжүүлэх боломжийг нээлээ.
Энэхүү шийдэл нь хэрэглэгчийн өмнөх харилцан яриа, хувийн тохиргоо, сонирхол, дадал зуршил зэрэг мэдээллийг нэг системээс нөгөөд хялбар дамжуулахад чиглэж байна. Ингэснээр хэрэглэгчид шинэ AI ашиглахдаа бүхнийг эхнээс нь дахин тохируулах шаардлагагүй болно.
Чат болон “санах ой”-г бүрэн шилжүүлэх боломж
Шинэ функц нь “санах ой” буюу хэрэглэгчийн тухай гол мэдээллийг импортлох боломжийг олгож байна. Үүнд хэрэглэгчийн сонирхол, зан төлөв, орчны талаарх мэдээлэл багтах бөгөөд энэ нь Gemini-г богино хугацаанд “сургах” боломж бүрдүүлдэг.
Шилжүүлгийн процесс дараах байдлаар явагдана. Gemini тусгай асуулга үүсгэж, хэрэглэгч үүнийг өөр чатботод оруулна. Харин тухайн систем бүтэцтэй өгөгдөл гаргаж, үүнийг Gemini-д буцаан оруулснаар мэдээлэл дамждаг.
Мөн хэрэглэгчид чатын бүрэн түүхээ zip файл хэлбэрээр экспортлон, ChatGPT, Claude зэрэг платформоос Gemini-д импортлох боломжтой. Үүний дараа өмнөх яриан дээрээ үргэлжлүүлэн ажиллах, хуучин чатуудыг хайх боломж нээгдэнэ.
AI платформуудын өрсөлдөөн ширүүсэв
Энэхүү шинэчлэл нь хиймэл оюуны платформуудын хоорондох өрсөлдөөн эрчимжиж буй үед гарч байна. Одоогийн байдлаар ChatGPT долоо хоногт ойролцоогоор 900 сая идэвхтэй хэрэглэгчтэй бол Gemini сард 750 сая гаруй хэрэглэгчтэй байгаа юм.
Шинэ функцийн гол зорилго нь платформ хооронд шилжих саадыг багасгаж, хэрэглэгчид өөрийн хуримтлуулсан мэдээллийг алдахгүйгээр AI-аа солих боломжийг бүрдүүлэхэд оршиж байна.