Apple шинэ төхөөрөмжүүдээ танилцуулах үеэр төдийлөн анзаарагдаагүй нэг жижиг боловч чухал өөрчлөлт хийсэн нь 16 инчийн MacBook Pro M5 Pro/Max загварт дагалдаж ирдэг 140Вт-ын USB-C тэжээлийн адаптер байв. Тус компани салдаг залгуурын хэлбэрийг чимээгүйхэн шинэчилжээ.
Австрали, Хятадын хэрэглэгчид уг залгуур өмнө нь олон жил ашиглаж ирсэн C7 хувилбараас өөр болж, эмийн шахмал мэт зууван хэлбэртэй болсныг анзаарсан байна. Энэ өөрчлөлтийг өнгөрсөн сард ChargerLab-ийн баг адаптерыг задлан шинжлэх үеэр илрүүлсэн ч тухайн үедээ төдийлөн олон нийтийн анхаарал татсангүй.
Шинэ залгуураас бусад талаараа адаптерын хэмжээ, техникийн үзүүлэлт бараг өөрчлөгдөөгүй хэвээр байгаа аж. Модульчлагдсан хийц нь хэрэглэгчдэд өөр өөр орны залгуурын толгойг сольж ашиглах боломжийг үлдээсэн тул аяллын үед нэлээд тохиромжтой хэвээр байна. Жишээлбэл, Австралиас Хойд Америк руу явахад бүхэлд нь шинэ адаптер авах шаардлагагүй гэсэн үг.
Гэхдээ энэ хэлбэрийн өөрчлөлт зарим дагалдах хэрэгслийг нийцгүй болгожээ. Тухайлбал, адаптерын уртасгагч кабель одоо ажиллахгүй болсон байна. Гэтэл Apple-ийн албан ёсны сайтад үүнийг одоо хүртэл нийцтэй гэж тэмдэглэсэн хэвээр байгаа аж. Үүнтэй адил World Travel Adapter Kit багц ч шинэ хэлбэртэй зохицохгүй болсон ч Apple энэ бүтээгдэхүүнийг аль хэдийн худалдаанаас хассан байна.
Сонирхолтой нь, шинэчилсэн адаптер одоогоор бүх хэрэглэгчдэд ижил байдлаар хүрээгүй бололтой. Зарим хүн хуучин хувилбартай адаптер хүлээн авсан тухай мэдээлэл гарчээ. Мөн 99 ам.доллараар тусад нь худалдаалдаг 140Вт-ын USB-C адаптерт энэ өөрчлөлт нөлөөлөх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Apple ийнхүү дахин өөрийн онцгой арга барилаа харуулж байна. Өмнө нь Lightning холбогчоор iPhone-ийг бусдаас өөр замаар удаан хугацаанд авч явсан бол, дараа нь USB-C руу шилжсэн. Мөн өнгөрсөн жил тус компани Европын холбоо болон Их Британид худалдаалагдсан MacBook Pro-ийн хайрцгаас тэжээлийн адаптерыг хасч, хэрэглэгчдийг гайхшруулж байв.
Энэ долоо хоногт Купертино хотод байрлах Apple Park-д компанийн 50 жилийн ойд зориулсан хаалттай тоглолт болсон бөгөөд ажилтнуудад тусгай бэлэг гардуулсан тухай мэдээлэл ч гарсан байна. Ийнхүү Apple жижиг мэт харагдах өөрчлөлтөөрөө ч хэрэглэгчдийн анхаарлыг татсаар байна.