Gemma 4 нь үүлэн орчин, компьютер, ухаалаг утсанд зориулагдсан нээлттэй шинэ цуврал боллоо
Google компани Gemini 3 технологид суурилсан, нээлттэй хиймэл оюуны шинэ загваруудын Gemma 4 гэр бүлийг албан ёсоор танилцууллаа. Энэ талаар Engadget мэдээлэв.
Шинэ загварууд Apache 2.0 лицензээр түгээгдэж байгаа нь хөгжүүлэгчдэд илүү өргөн боломж нээж байна. Ингэснээр тэд загварыг чөлөөтэй ашиглах, өөрчлөн тохируулах, өөрийн дэд бүтэц дээр эсвэл үүлэн орчинд байршуулан ажиллуулах нөхцөлтэй болжээ.
Gemma 4 цувралд хэмжээ, зориулалтаараа ялгаатай дөрвөн загвар багтсан байна. Google ухаалаг утас, авсаархан төхөөрөмж, захын тооцооллын системд зориулан 2 болон 4 тэрбум параметртэй хувилбаруудыг санал болгожээ. Харин илүү өндөр хүчин чадал шаардсан орчинд 26 тэрбум параметртэй “экспертүүдийн холимог” бүтэцтэй загвар болон 31 тэрбум параметртэй “нягт” загварыг гаргасан байна.
Мөн компани контекст цонхны хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлжээ. Бага оврын загварууд 128 мянган токентой ажиллах боломжтой бол том загварууд 256 мянган токен дэмжиж байна. Google-ийн мэдэгдсэнээр Gemma 4 нь “параметр тутмын оюуны чадамж”-ийн өндөр түвшнийг харуулж байгаа аж. Үүний нотолгоо болгон Arena AI үнэлгээний жагсаалтад 31 тэрбум болон 26 тэрбум параметртэй хувилбарууд өндөр байр эзэлж, илүү том хэмжээтэй хэд хэдэн системийг ардаа орхисныг онцолжээ.
Зураг, видео, аудио дэмжиж, интернэтгүй орчинд ч код үүсгэх боломжтой
Gemma 4-ийн бүх загвар зураг болон видеотой ажиллах чадвартай тул оптик тэмдэгт таних зэрэг хэрэглээнд ашиглах боломжтой гэж Google мэдэгдсэн байна. Харин бага оврын хувилбарууд нь аудио боловсруулах болон яриа таних үйлдлийг мөн дэмжиж байгаа нь тэдгээрийг гар утас болон хөнгөн төхөөрөмжид илүү тохиромжтой болгожээ.
Google мөн Gemma 4 нь офлайн орчинд код үүсгэх боломжтойг тусгайлан онцолсон байна. Өөрөөр хэлбэл, эдгээр загварыг интернэт холболтгүй үед ч ашиглаж болох юм.
Компанийн мэдээлснээр загваруудыг 140 гаруй хэл дээр сургажээ. Gemma 4 нь зөвхөн текст үүсгэхэд бус, агент хэлбэрийн илүү нарийн хэрэглээнд ч тохиромжтой аж. Үүнд функц дуудах, JSON бүтэцтэй гаралт гаргах, мөн янз бүрийн хэрэгсэл болон API-тай холбогдон ажиллах боломж багтаж байна.
Google энэ удаа лицензийн өөрчлөлтөд ч онцгой ач холбогдол өгчээ. Өмнөх Gemma загварууд компанийн өөрийн лицензээр гардаг байсан бол Apache 2.0 рүү шилжсэнээр арилжааны болон техникийн хэрэглээ илүү хялбар болж байна. Компанийн тайлбарласнаар энэ нь хөгжүүлэгчдэд өгөгдөл, загвар, байршуулалтын орчноо илүү их хянах боломж олгоно.
Gemma 4-ийн том загваруудыг голчлон илүү өндөр чанар болон төвөгтэй хэрэглээнд чиглүүлсэн бол бага загваруудыг гар утас, эрчим хүчний хэмнэлттэй ажиллагаанд зориулан оновчлон боловсруулжээ. Google-ийн мэдээлснээр эдгээр авсаархан хувилбарууд нь ирээдүйн ухаалаг утсанд зориулсан Gemini Nano 4-ийн дараагийн үеийн суурь болох юм.
Шинэ Gemma 4 загварууд одоогоор Hugging Face, Kaggle болон Ollama платформоор дамжин татаж авах боломжтой болсон байна.