RTX 5090, 96 ГБ RAM, 18 инчийн Mini LED дэлгэцтэй шинэ флагман танилцуулагдав
MSI компани 2026 оны шилдэг үзүүлэлт бүхий флагман ангиллын тоглоомын зөөврийн компьютер Titan 18 Ultra 2026 буюу Titan 18 HX загвараа худалдаанд гаргалаа. Энэхүү шинэ төхөөрөмж нь Intel Core Ultra 9 290HX Plus процессор болон зөөврийн компьютерт зориулсан NVIDIA GeForce RTX 5090 график картаар тоноглогдсон байна.
Үндсэн хувилбар нь 96 ГБ багтаамжтай шуурхай санах ой, PCIe Gen5 стандартын 2 ТБ SSD хадгалах төхөөрөмжтэй ирж байгаа аж. Төхөөрөмжийн үнэ ойролцоогоор 6970 ам.доллар гэж мэдээлжээ.
Titan 18 Ultra 2026 нь 18 инчийн Mini LED дэлгэцтэй бөгөөд UHD+ нягтаршил, 240 Гц сэргээх хурдтайгаар бүтээгджээ. Мөн HDR1000 дэмжиж, DCI-P3 өнгөний орон зайн 100 хувийг хамардаг тул зөвхөн тоглоом тоглоход бус, графиктай мэргэжлийн түвшинд ажиллахад ч тохиромжтойд тооцогдож байна.
Төхөөрөмжийн хөргөлтийн системд хоёр сэнс, ууршуулах камер, SSD-д зориулсан тусдаа дулааны хоолой багтсан байна. Нийт дулаан сарниулах хүчин чадал нь 270 Вт хүрдэг тул хамгийн өндөр ачааллын үед ч тогтвортой ажиллагааг хангах боломжтой гэж үзэж байна.
MSI Titan 18 Ultra 2026 загвар мөн Cherry MX ULP механик гар, Dynaudio аудио систем, Thunderbolt 5, 2.5GbE, Wi-Fi 7 дэмжлэгтэйгээр иржээ. Зайны багтаамж нь 99.9 Вт.цаг бол дагалдах тэжээлийн адаптер нь 400 Вт хүчин чадалтай байна.
Энэхүү зөөврийн компьютер 3.6 кг жинтэй. Ийм өндөр гүйцэтгэл, орчин үеийн дэлгэц, шинэ үеийн холболтын боломжуудыг нэг дор багтааснаараа Titan 18 Ultra 2026 нь зах зээл дээрх хамгийн хүчирхэг тоглоомын зөөврийн компьютеруудын нэгээр нэрлэгдэхээр болж байна.