The MongolZ Бухарестийн тэмцээний шөвгийн наймд шалгарч, плэй-оффт хүч үзнэ

нийтлэгч Содном Энхбаяр
The MongolZ Бухарестийн тэмцээний шөвгийн наймд шалгарч, плэй-оффт хүч үзнэ

Astralis-д ялагдсаны дараа Wildcard-ийг буулган авч, дараагийн шатны эрхээ баталгаажуулав

Румын улсын Бухарест хотод үргэлжилж буй CS2 төрлийн PGL Bucharest 2026 тэмцээнд Монголын The MongolZ баг плэй-оффын шатанд шалгарлаа. 1.2 сая ам.долларын шагналын сантай энэ тэмцээнд дэлхийн чансааны оноогоор уригдан оролцож буй манай баг тойргийн шатны шийдвэрлэх тоглолтод ялалт байгуулж, шөвгийн наймд багтсан байна.

The MongolZ эхний тойрогт Португалийн төвтэй BC.Game Esports багийг хожсон бол хоёр дахь тоглолтдоо Шведийн EYEBALLERS багийг ялсан юм. Харин плэй-оффт шууд гарах боломжтой тоглолтод Данийн Astralis багт 0:2-оор ялагдсан ч тэмцээнийг үргэлжлүүлэх боломжтой хэвээр үлдсэн.

Өнөөдөр болсон дөрөвдүгээр тойрогт Монголын баг АНУ-ын Wildcard багтай тоглож, 2:0-ийн харьцаатай буулган авснаар дараагийн шатны эрхээ баталгаажууллаа. Тэд өрсөлдөгчийн сонгосон Dust2 map дээр 13:11-ээр ялсан бол өөрсдийн сонгосон Nuke map дээр 13:8-аар илүүрхэж, цувралыг итгэлтэй хаасан байна.

Дараагийн өрсөлдөгч маргааш тодорно, шагналын гол өрсөлдөөн пүрэв гарагт эхэлнэ

PGL Bucharest 2026 тэмцээний тойргийн шат маргааш дуусах бөгөөд үүний дараа плэй-оффын бүх учраа бүрэн тодорхой болно. The MongolZ багийн дараагийн өрсөлдөгч мөн маргааш албан ёсоор тодрох юм.

Энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн баг 400 мянган ам.долларын шагнал хүртэх бол дэд байрт шалгарсан баг 187,500 ам.доллар авна. Дэлхийн чансааг тэргүүлэгч Team Vitality, Natus Vincere, FURIA зэрэг хэд хэдэн хүчтэй баг энэ тэмцээнд оролцоогүй нь өрсөлдөөнийг илүү нээлттэй болгож байгаа ч PARIVISION, Astralis зэрэг багууд гол өрсөлдөгч хэвээр байна.

The MongolZ баг олон улсын тавцанд амжилтаа ахиулах энэ замналдаа 1xBet-ийн дэмжлэгтэйгээр өрсөлдөж байгаа бөгөөд Бухарестэд үзүүлж буй тоглолт нь тэднийг дахин өндөр амжилтын төлөө тэмүүлэх боломжтойг харуулж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.