Ирэх шинэчлэлээр MacBook Neo илүү их санах ой, шинэ чиптэй болох төлөвтэй байна
Apple компани MacBook Neo загвараа ирэх жил шинэчлэхээр төлөвлөж байгаа талаар мэдээлэл гарлаа. Тайванийн тоймч Тим Калпанын мэдээлснээр шинэ зөөврийн компьютер нь iPhone 17 Pro-д ашиглагддаг A19 Pro чиптэй болох бөгөөд нэгдсэн санах ойн хэмжээг 12 ГБ хүртэл нэмэх аж.
Одоогийн MacBook Neo загварт A18 Pro чип болон 8 ГБ санах ой ашиглагдаж байгаа юм. Энэ хувилбарын хамгийн их шүүмжлэл дагуулсан сул талуудын нэг нь яг энэ санах ойн багтаамж байжээ. Тиймээс шинэ хувилбарт RAM-ийг өсгөх шийдэл нь хэрэглэгчдийн хүлээлттэй нийцэж байгаа алхам гэж үзэж байна.
Графикийн хувьд хасалттай ч нийт гүйцэтгэлд ухралт болохгүй гэж үзэж байна
Мөн Калпанын мэдээлснээр Apple энэ шинэ загварт A19 Pro чипийн “сонгомол” хувилбарыг ашиглаж магадгүй аж. Өөрөөр хэлбэл, бүрэн хүчин чадалтай бус, графикийн хэсэг нь бага зэрэг хязгаарлагдсан хувилбар орж ирэх төлөвтэй байна. Зургаан график цөмийн оронд таван цөмтэй байх ч энэ нь бодит утгаараа ухралт болохгүй гэж үзэж байна. Учир нь одоогийн MacBook Neo ч мөн таван цөмтэй GPU ашигладаг.
A19 Pro чип рүү шилжих тухай таамаг өмнө нь ч гарч байсан ч энэ удаад хугацааны хувьд илүү тодорхой мэдээлэл хавсарсан байна. Хэрэв Apple уламжлалт шинэчлэлийн мөчлөгөө дагавал дараагийн MacBook Neo-г 2027 оны хавар танилцуулах магадлалтай. Энэ нь одоогийн үеийн загвар гарснаас хойш ойролцоогоор нэг жилийн дараах хугацаа болох юм.
Эрэлт хүлээлтээс давсан бололтой
DigiTimes-ийн мэдээлснээр MacBook Neo-г одоогоор Хятад болон Вьетнамд угсарч байгаа аж. Мөн Apple нийлүүлэгчидтэйгээ үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар ярилцаж байгаа гэнэ. Үүнээс харахад энэ загварын борлуулалт компанийн анхны төсөөллөөс давсан байх магадлалтай байна.
Иймээс хэрэв та MacBook Neo авах талаар бодож байсан бол арай илүү санах ойтой шинэ хувилбарыг хүлээх нь илүү зөв сонголт байж магадгүй юм.
1 сэтгэгдэл
Шинэ загвар нь сонирхол татаж байна