Adobe аппуудыг ChatGPT платформд нэгтгэснээ зарлав
“Adobe” компани “Photoshop”, “Express” болон “Acrobat” аппликейшнүүдээ “ChatGPT” платформд нэгтгэснээ мэдэгдэж, бүтээлч ажил болон оффисын даалгаврыг үгээр удирдан гүйцэтгэх шинэ хэлбэрийг эхлүүллээ. Ингэснээр хэрэглэгчид тусгай программ тусад нь нээхгүйгээр “ChatGPT” дотор шууд зураг засварлах, дизайн бэлтгэх, бичиг баримт боловсруулах боломжтой болж байна.
Энэхүү шийдэл нь “Adobe”-ийн агент суурьтай AI хөгжүүлэлтийн дараагийн алхамд тооцогдож, анх удаа ашиглагчдад ойлгомжтой мөртлөө туршлагатай дизайнеруудад ажлын урсгалаа богиносгох тал дээр бодит хэмнэлт өгөхөөр төлөвлөсөн гэж тайлбарлав. Өөрөөр хэлбэл “яаж хийх вэ” гэсэн асуултаас эхлээд “ингэж хийгээд өг” гэсэн бодит гүйцэтгэл хүртэл бүх процесс ярианы хэлбэрээр өрнөнө.
Зураг, дизайн, PDF ажлуудыг ChatGPT дотор шууд гүйцэтгэнэ
Нэгдлийн гол санаа нь “ChatGPT”-ийн харилцан ярианд суурилсан интерфэйсийг Adobe-ийн хэрэгслүүдтэй хослуулж, хэрэглэгчийн хүсэлтийг нэг урсгалаар гүйцэтгэхэд оршиж байна. Үүний хүрээнд “Photoshop”-оор гэрэл, өнгийн нарийн тохиргоо хийх, Glow, Glitch зэрэг эффект нэмэх ажлыг чат дотор удирдах боломж нээгдэнэ. Мөн “Adobe Express”-ийг ашиглан сошиал контент, постер, танилцуулгын материал боловсруулах ажлыг нэг цонхоор шийдэхээр тусгажээ.
Баримт бичгийн хувьд “Adobe Acrobat”-аар PDF засварлах, текст болон хүснэгт татах, файлуудыг нэгтгэх, шахах, хөрвүүлэх зэрэг нийтлэг үйлдлүүдийг “ChatGPT” дээрээс гүйцэтгэх боломжтой болох нь онцлог болж байна.
Нэвтрүүлэлт үе шаттай эхэлж, эхний ээлжид төлбөртэй эрхүүдэд нээгдэнэ
Энэхүү интеграц нь ойрын хугацаанд “ChatGPT” платформд үе шаттайгаар нэвтрэх бөгөөд эхний ээлжид Go, Plus, Pro эрхтэй хэрэглэгчдэд нээгдэхээр төлөвлөгдөж байна.