Аэрофлотын системийг хакерууд сүйтгэж, 20 ТБ гаруй өгөгдөл алдагдсан нь нислэгүүдийг цуцлахад хүргэв

нийтлэгч Содном Энхбаяр
Аэрофлотын системийг хакерууд сүйтгэж, 20 ТБ гаруй өгөгдөл алдагдсан нь нислэгүүдийг цуцлахад хүргэв

Беларусийн “Cyberpartisans BY” болон АНУ-д төвтэй Silent Crow хакерын бүлгүүд ОХУ-ын үндэсний агаарын тээвэрлэгч Аэрофлот компанийн мэдээллийн технологийн дэд бүтцэд чиглэсэн томоохон кибер халдлагын ард байгаагаа зарлалаа. Хакерууд нэг жилийн турш компанийн сүлжээнд нэвтрэн, стратегийн чухал системүүдийг бүрэн хяналтдаа авсан гэж тэд мэдэгдэв.

Халдлагын улмаас дараах гол хохирол учраад байна:

  • Аэрофлотын бүх гол системүүд хакердсан: CREW, Sabre, SharePoint, Exchange, KASUD, Sirax, CRM, ERP, 1C, DLP зэрэг системд бүрэн нэвтэрсэн.
  • Нислэгийн түүхийн мэдээллийг бүрэн хуулбарласан.
  • Удирдлагын болон ажилчдын хувийн компьютерт хяналт тогтоож, дотоод яриа, аудио мэдээллийг татаж авсан.
  • 7,000 орчим физик болон виртуал серверийг устгажээ.
  • Нийт 22 ТБ мэдээлэл хулгайлагдсан: Үүнээс 12 ТБ нь мэдээллийн сан, 8 ТБ нь файлын хадгалах сан, 2 ТБ нь байгууллагын цахим шуудан байсан.

Аэрофлотын мэдээллийн системийн доголдлын улмаас олон арван нислэг хойшлогдож, зарим нь бүрэн цуцлагдаад байна. Сэргээх ажиллагаанд хэдэн арван сая ам.долларын зардал шаардлагатайг шинжээчид тооцоолжээ.

Хакерууд удахгүй олж авсан өгөгдлийнхөө тодорхой хэсгийг нийтлэхээ мэдэгдсэн бөгөөд тэдний зүгээс энэхүү кибер халдлагыг “стратегийн ач холбогдолтой” хэмээн тодорхойлж байна. Түүнчлэн Оросын ФСБ, Кибер аюулгүй байдлын үндэсний төв, RT-Solar зэрэг хамгаалалтын байгууллагуудын сул талыг илчлэн шүүмжилсэн байна.

Энэ халдлага нь зөвхөн Аэрофлот гэлтгүй, ОХУ-ын төрийн өмчит томоохон компанийн кибер хамгаалалтын эмзэг байдлыг илтгэн харуулж буй стратегийн түвшний үйл явдал болж байна. Энэ нь кибер дайн нь уламжлалт зэвсэгт мөргөлдөөнөөс дутахгүй ноцтой үр дагавартай болохыг нотолж буй томоохон жишээ болж байна.


Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.