“Alpha Gaming” баг дэлхийн гурван шилдэг багийн нэг боллоо: PUBG Mobile World Cup 2025 тэмцээнд түүхэн амжилт гаргав

нийтлэгч Содном Энхбаяр
"Alpha Gaming" баг дэлхийн гурван шилдэг багийн нэг боллоо: PUBG Mobile World Cup 2025 тэмцээнд түүхэн амжилт гаргав

Саудын Арабын Эр-Рияд хотноо зохион байгуулагдсан PUBG Mobile World Cup 2025 тэмцээн гурван өдрийн турш өндөр түвшний өрсөлдөөн дунд болж өнгөрлөө. Энэхүү тэмцээн нь PUBG MOBILE төрлийн цахим спортын хамгийн нэр хүндтэй уралдаануудын нэгт тооцогдож, нийт 3 сая ам.долларын шагналын сантай байсан юм.

Тэргүүн байруудын эздүүд:
Yangon Galacticos (Мьянмар) — 157 оноо, 547,000 ам.доллар

Weibo Gaming (БНХАУ) — 145 оноо, 323,500 ам.доллар

Alpha Gaming (Монгол) — 141 оноо, 222,000 ам.доллар

Манай улсын төлөөлөл болсон Alpha Gaming баг нийт 18 тоглолтод оролцож, 141 оноо аван гуравдугаар байрт шалгарч, 222 мянган ам.долларын эзэд боллоо. Энэ нь зөвхөн Монгол Улс төдийгүй Төв болон Өмнөд Азийн бүсийг төлөөлж оролцсон багийн хувьд түүхэн амжилт байв.

Мөн тус багийн ахлагч DOK (У.Дөлгөөн) “PUBG Mobile World Cup 2025” тэмцээний Үнэ цэнтэй тоглогч (MVP)-оор нэрлэгдэж, 50 мянган ам.долларын нэмэлт шагнал хүртсэн нь бахархмаар үзүүлэлт болж байна.

Alpha Gaming багийн бүрэлдэхүүн:
TOP (А.Бүрэнбаяр) — PUBG MOBILE-ийн дэлхийн шилдэг тоглогч

ZOYL (Б.Золбоот)

DOK (У.Дөлгөөн) — 4Merical Vibes багийн ахлагч асан

REFUS — 4Merical багийн тоглогч асан

Шинэлэг дүрэм, шинэ сорилтууд:
Энэ удаагийн тэмцээний онцлог нь анх удаа босго онооны системээр зохион байгуулагдсан явдал юм. Grand Finals шатанд шалгарсан 16 баг эхлээд 128 онооны босгыг давах ёстой. Үүний дараа сүүлийн 6 тоглолтын аль нэг дээр “WWCD” буюу хамгийн сүүлд үлдэх шаардлагатай байсан юм. Хэрэв хэн ч WWCD авч чадаагүй тохиолдолд онооны хамгийн өндөртэй баг аварга болох зохицуулалттай байв.

Энэ систем Alpha Gaming багийн тууштай тоглолт, стратегийн уян хатан байдал, хурд хүчийг сорьсон бөгөөд гуравдугаар байранд орсон нь багийн хувьд өндөр түвшний тогтвортой амжилтыг баталж чадлаа.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.