Автоматжуулалтын өргөтгөлөөр 12 тэрбум ам.доллар хэмнэнэ
Дэлхийн хамгийн том цахим худалдааны компаниудын нэг “Amazon” АНУ дахь үйлдвэрлэл, ложистикийн үйл ажиллагаагаа өргөн хүрээнд автоматжуулах, улмаар ойролцоогоор 500 мянга гаруй ажилтныг роботуудаар орлуулах төлөвлөгөөтэй байна гэж “The New York Times” мэдээллээ.
Компанийн дотоод баримт бичиг болон инженерүүдийн ярилцлагаас үзэхэд, “Amazon”-ын робот техникийн хэлтэс нь нийт ажлын дөрөвний гурвыг бүрэн автоматжуулах зорилго тавьжээ. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр тус компани 2027 он хүртэл 160 мянган шинэ ажилтан авах шаардлагагүй болж, 12.6 тэрбум ам.доллар хэмнэх боломжтой аж.
Түүнчлэн “Amazon” 2033 он хүртэл ажиллах хүчний тоог нэмэгдүүлэхгүйгээр борлуулалтаа хоёр дахин өсгөх зорилт тавьсан байна.
Роботууд “давхардсан ажлыг хална”
Автоматжуулалт нь компанийн үйл ажиллагааг хялбарчилж, ажилтнуудыг давхардсан, механик ажлаас чөлөөлөхийн зэрэгцээ роботын засвар үйлчилгээ, инженерчлэл, хиймэл оюуны дэмжлэгтэй системийн шинэ ажлын байр бий болгоно гэж дотоод тайланд дурджээ.
“The New York Times”-ийн мэдээлснээр “Amazon” олон нийтийн шүүмжлэлээс зайлсхийхийн тулд “робот, автоматжуулалт” гэх үгнээс татгалзаж, оронд нь “дэвшилтэт технологи”, “хамтран ажиллагч кобот” зэрэг нэр томъёог ашиглахыг илүүд үзэж байна.
“Amazon”-ы албан ёсны байр суурь
Тус компанийн хэвлэлийн төлөөлөгч Келли Нантел мэдээлэлд хариу өгч, дээрх баримт бичгүүд нь бүрэн бус, “Amazon”-ын **ажиллах хүчний бодит стратегийг бүрэн илэрхийлээгүй” гэж мэдэгджээ.
“Amazon удахгүй болох баярын улиралд 250 мянган хүнийг түр хугацаагаар ажилд авах төлөвтэй байна” гэж тэр хэлсэн ч,
тэдгээрийн хэд нь байнгын ажлын байр байх талаар тодруулахыг хүссэн сэтгүүлчдийн асуултад хариулаагүй байна.
2025 оны байдлаар “Amazon” компанийн АНУ дахь ажиллах хүчний тоо 1.2 сая орчим болж, 2018 оноос хойш эрс өссөн юм.