Швейцарын Empa судалгааны байгууллагын эрдэмтэд хуванцарын төстэй бүтэцтэй, бүрэн задрах чадвартай, бүр цаашилбал идэж болох биоматериал бүтээжээ. Энэ материал нь мөөгний мицелиэс гаргаж авсан бөгөөд амьд эсүүдээ хадгалж үлдсэн онцлогтой.
Судлаачид Schizophyllum commune буюу “ердийн хуваагдсан дэлбээт” нэртэй мөөгний мицелийг боловсруулж, шингэн хольц болгон хувиргасан бөгөөд энэ үеэр мөөгний спор болон тэдгээрийн биологийн үйл ажиллагаанд ямар ч хохирол учруулаагүй байна. Энэхүү шинэ төрлийн шингэн материалыг “амьд ширхэгт дисперс” хэмээн нэрлэжээ. Энэ нь олон төрлийн хэлбэрт оруулж болох уян хатан бүтэцтэй.
Мөөгний бүтцэд агуулагдах нэмэлт бодисуудыг бүрэн ашигласан нь энэ материалын давуу тал болж байгаа юм. Бусад биоматериал нь ердөө мөөгний эсүүдийг ашигладаг бол Empa-гийн боловсруулсан материал нь шизофиллан болон гидрофобин гэсэн хоёр молекулын идэвхийг мөн дэмжиж, материалд онцгой шинж чанар нэмж өгдөг. Эдгээр молекулууд нь энэ шинэ материалыг илүү уян хатан, бат бөх болгож, хэрэглээний цар хүрээг өргөжүүлж байгаа ажээ.
Эрдэмтдийн тайлбарласнаар энэхүү материал нь тун нимгэн, гэхдээ өндөр суналтын бат бөх чанартай хальс үүсгэж чаддаг. Ийм шинж чанартайгаар энэ материалыг байгалийн аргаар задрах хогны уут хийхэд ашиглаж болохоос гадна биозадардаг нимгэн баттерей үйлдвэрлэхэд хүртэл ашиглаж болно гэж үзэж байна.
Мөн энэхүү амьд биоматериал нь эмульгаторын үүргийг амжилттай гүйцэтгэсэн байна. Энэ нь хүнсний бүтээгдэхүүн болон гоо сайхны салбарт (мөнгөн усгүй оо, шампунь, зайрмаг зэрэг) өргөн хэрэглэгддэг чухал бүрэлдэхүүн юм. Материал нь бүрэн хоргүй, бүр хүнсний зориулалтаар хэрэглэх боломжтой байгааг судлаачид онцолсон байна.
Мөөгнөөс гарган авсан биоматериалууд нь хуванцрын оронд хэрэглэхээс гадна өөрөө нөхөн сэргэх чадвартай хувцас ч бүтээх боломжийг бий болгож магадгүй. Байгалийн болон синтетик орцуудыг ухаалгаар хослуулсан ийм төрлийн материалууд олон салбарт давуу талтай бөгөөд ирээдүйд хэрэглээ улам бүр тэлэх нь дамжиггүй гэж судлаачид найдаж байна.
Empa-гийн судалгааны баг энэ аргыг өөр өөр зорилгоор өөрчилж, хэрэглэгчийн хүссэн шинж чанартай материалуудыг захиалгаар гаргаж авах боломжтой гэж үзэж байгаа тул цаашид энэ чиглэлд олон шинэ судалгаа хийгдэх ирээдүй харагдаж байна.
