AMD Ryzen AI 400-ыг зарлалаа: ширээний ПК-д Copilot+ дэмжлэгтэй шинэ цуврал

нийтлэгч Содном Энхбаяр
AMD Ryzen AI 400-ыг зарлалаа: ширээний ПК-д Copilot+ дэмжлэгтэй шинэ цуврал

MWC 2026 арга хэмжээний үеэр AMD ширээний компьютерт зориулсан Ryzen AI 400 процессорууд, мөн бизнес чиглэлийн зөөврийн төхөөрөмжүүдэд зориулагдсан Ryzen AI PRO 400 мобайл цувралыг танилцууллаа. Эдгээр нь Microsoft Copilot+-ийг “төрөлхийн” түвшинд дэмждэг хувь хүн, байгууллагын компьютерийн эхний шийдлүүдийн нэг гэж AMD онцолж байна. Өмнө нь ийм боломжийг ихэвчлэн Snapdragon суурьтай төхөөрөмжүүд дээр түлхүү харж байсан.

Ryzen AI 400 цуврал нь XDNA 2 нейропроцессортой бөгөөд хиймэл оюуны тооцоололд 50 TOPS хүртэл хүчин чадалтай гэж мэдээлэв. Мөн Zen 5 цөмийн архитектур, RDNA 3.5 интеграцлагдсан графиктай. AMD-ийн тайлбараар энэ платформ нь хиймэл оюунтай холбоотой ажлууд, тэр дундаа том хэлний загваруудыг (LLM) төхөөрөмж дээр нь шууд ажиллуулах зэрэг “локал AI” хэрэглээнд чиглэж байгаа аж.

Цувралын хүрээнд ердийн ширээний системд зориулсан G загварууд, мөн 35Вт дулааны багцтай (TDP) эрчим хүчний хэмнэлттэй GE хувилбарууд багтжээ. GE нь жижиг оврын, авсаархан компьютерт зориулагдсан гэж тайлбарласан байна. Флагман ангилалд Ryzen AI 7 450G болон PRO 450G орж байгаа бөгөөд 8 цөм, 16 урсгалтай, хамгийн ихдээ 5.1ГГц давтамжтай, Radeon 860M графиктай гэж мэдээлэв. Харин Ryzen AI 5 440G болон 435G нь 6 цөмтэй бөгөөд Radeon 840M графиктай байна.

AMD үүнээс гадна Ryzen AI PRO 400 нэртэй мобайл процессоруудыг зарласан бөгөөд эдгээр нь бизнес ангиллын зөөврийн компьютер, хөдөлгөөнт ажлын станцуудад чиглэсэн цуврал гэжээ. Дээд ангиллын Ryzen AI 9 HX PRO 470 загвар нь хиймэл оюуны тооцоололд мөн 50 TOPS хүртэл үзүүлэлттэй гэж танилцуулсан байна.

AMD-ийн мэдээлснээр шинэ чипүүдийн олон урсгалт (multi-thread) гүйцэтгэл нь өрсөлдөгч үйлдвэрлэгчдийн ижил түвшний шийдлүүдтэй харьцуулахад 30% хүртэл илүү байж болох аж. Эдгээр чип дээр суурилсан HP, Lenovo, Dell-ийн эхний зөөврийн төхөөрөмжүүд 2026 оны хоёрдугаар улиралд худалдаанд гарах төлөвтэй гэж мэдээлжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.