Америкийн эрдэмтдийн бүтээсэн нисдэг, газар явдаг трансформер робот анхаарлын төвд байна

нийтлэгч Содном Энхбаяр
трансформер робот

АНУ-ын инженерүүд роботын хөдөлгөөний цоо шинэ шийдлийг санал болголоо. Caltech-ийн судлаачид бодит байдал дээр хэлбэрээ өөрчилж чадах, агаарт ч, газар ч хөдөлж чадах “трансформер” робот бүтээсэн нь роботын ухаалаг хөдөлгөөний шинэ үеийг эхлүүлж байна. ATMO нэртэй энэхүү робот нь дрон шиг хөөрч, агаарт байрлалаа өөрчилсний дараа газар дээр ухаалгаар хөдөлж чадах онцлогтой бөгөөд нэг л гол хөдөлгүүрээр нислэг болон газар дээрх горимын хооронд шилждэг.

Энэхүү роботын гол ялгарах шинж нь ердийн дронуудаас ялгаатай нь газар бууж, системээ сольж шилжих шаардлагагүй. Харин нэгэн зэрэг агаарт хэлбэрээ өөрчилж, шууд газар дээрх хөдөлгөөнд шилжиж чаддаг. Түүний дөрвөн хөдөлгүүр агаарт хөөргөж, нэг хяналтын хөдөлгүүр гол тэнхлэгийг хөдөлгөн, байрлалыг нь агаарын болон газрын горимд тохируулдаг байна.

Калифорнийн технологийн институтын агаарын сансрын инженерийн аспирант Иоаннис Мандралис “Бид амьтдын байгалиас заяасан олон талт хөдөлгөөнийг дуурайлган ашигладаг робот системийг шинээр зохион бүтээсэн” хэмээжээ. Түүний хэлснээр энэхүү робот нь хурдан, маневр сайтай байхаас гадна агаар болон газар дээр өөрийгөө тогтвортой байлгах чадвар нь роботын хэрэглээг эрс тэлэх боломжтой болгож байна.

Мандралис мөн “Хөдөлгөөний алгоритм бол бидний бүтээлийн хамгийн том дэвшил” гэж тодотгосон. Учир нь уламжлалт квадрокоптерууд өөрийн хөдөлгүүрийн байрлал болон нислэгийн механик дээр үндэслэсэн тогтсон хяналтын системтэй байдаг бол ATMO робот нь байнга өөрчлөгдөж буй орчны болон хэлбэрийн нөлөөг мэдэрч, түүний дагуу шууд хариу үйлдэл үзүүлэх чадвартай хяналтын системийг агуулжээ.

Роботын хэлбэр өөрчлөгдөх үйл явц хялбар мэт харагдаж болох ч, үнэн хэрэгтээ аэродинамик хүчнүүдийн хоорондын харилцан үйлчлэл нарийн төвөгтэй байдаг. Ялангуяа газар ойртох үед агаарт үүсэх турбулент байдал нь хеликоптерын буух үед тохиолддог төвөгтэй нөхцөлтэй ижил юм. Caltech-ийн профессор Мори Гариб “Шувуу газардах, зугтахыг харахад амархан мэт боловч энэ нь нисэхийн салбар 50 жилийн турш шийдэж чадаагүй асуудал хэвээр байсаар ирсэн” гэж онцлон хэлсэн байна.

Энэ бэрхшээлийг даван туулахын тулд судлаачид роботын нислэг болон трансформацийн үеийн агаарын урсгалыг нарийвчлан судалж, ухаалаг хяналтын системд зориулан мэдрэгчийн мэдээлэл болон утааны урсгалын дүрслэл зэргийг ашигласан туршилтуудыг гүйцэтгэсэн. Ингэснээр роботын ирээдүйн хөдөлгөөнийг урьдчилан таамаглаж, бодит цагт тохируулга хийх чадвартай хяналтын алгоритм боловсруулагджээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.