Америкийн эрдэмтэд “ургадаг” мэдрэмжтэй шинэ үеийн шүдний имплант бүтээлээ

нийтлэгч Содном Энхбаяр
шүдний суулгац

АНУ-ын Тафтсын их сургуулийн Шүдний болон Анагаахын сургуулийн эрдэмтдийн баг хүний жинхэнэ шүдтэй адил мэдрэмжтэй, өсөж томордог шинэ төрлийн шүдний имплантыг амжилттай хөгжүүлжээ. Тус шинэхэн технологи нь зөвхөн шүдийг орлуулах бус, амны хөндийн мэдрэлийн системтэй бүрэн холбогдож, даралт, дулаан, бүтэц зэргийг мэдэрч чаддаг болохыг туршилтаар баталсан байна.

Энэхүү имплант нь уламжлалт титаны суулгацууд шиг хүнд, эмзэг процедурыг шаарддаггүй бөгөөд суулгахдаа эрүүний ясыг өрөмдөх шаардлагагүй, гэмтэл багатай гэдгээрээ онцлог. Бүтэцийн хувьд гадна талаараа биологийн аргаар задардаг бүрхүүлтэй бөгөөд энэ давхарга нь мэдрэлийн эс рүү хувирах чадвартай эсийн эх үүсвэр болох үүдэл эс болон тусгай уураг агуулсан байдаг.

Пародонтологийн профессор Жейк Жинкун Чен “Жинхэнэ шүд ясанд шууд наалдаж биш, харин мэдрэл ихтэй зөөлөн эдээр холбогдож байдаг нь шүд даралт мэдрэх, хоол зажлах, ярих зэрэг олон үйлдлийг нарийн зохицуулдаг” хэмээн тайлбарлав.

Уламжлалт имплантууд ихэнхдээ титан эрэг ашиглан шүдний ястай шууд холбогддог. Энэ нь олон жил хэрэглэгдэх зориулалттай ч суулгах үед мэдрэлийн гэмтэл, үрэвсэл, биеийн эсэргүүцэл зэрэг эрсдэлийг дагуулдаг.

Харин шинэ төрлийн имплант нь анх маш жижиг хэмжээтэйгээр суулгагддаг. Түүний бүтэц дотор тусгай резинэн нановолоконт давхарга байдаг бөгөөд имплантыг суулгасны дараа биологийн бүрхүүл задарч эхэлмэгц уг нановолоконууд тэлж, шүдний хонхрын зөөлөн эдтэй тогтдог. Дараа нь хиймэл шүд хэмжээ нь нэмэгдэж, аажмаар “ургаж” томордог байна.

Шүдний өсөлтийн явцад имплант аажмаар мэдрэлийн эдүүдэд нэвтэрч, тархитай шууд холбоо тогтоодог. Ингэснээр даралт, бүтэц, халуун хүйтнийг жинхэнэ шүд шиг мэдэрч, мэдрэлийн дохиог дамжуулах чадвартай болдог.

Профессор Чен “Энэ шинэ төрлийн имплант болон суулгах бага зэргийн инвазив арга нь мэдрэлийн холбоог дахин сэргээж, тархитай яг жинхэнэ шүд шиг харилцах боломжийг олгож байна. Энэхүү дэвшил нь зөвхөн шүд гэлтгүй бусад ясны имплантын хөгжлийг ч өөрчилж мэднэ. Жишээ нь, түнхний үе солих, хугарлыг эмчлэх мэс заслууд” гэж онцолжээ.

Одоогоор судалгаа анхан шатандаа явагдаж байгаа бөгөөд туршилтыг хулгана дээр амжилттай хийжээ. Шинэ имплант суулгаснаас хойш зургаан долоо хоногийн дотор жинхэнэ шүд шиг бүрэн гүйцэд үйл ажиллагаа үзүүлж эхэлсэн нь шинжлэх ухааны хувьд ихээхэн дэвшилттэй үзэгдэл болсон. Одоо судлаачид эдгээр туршилтаа тархины идэвхээр шалгаж, мэдрэл сэргэж байгаа эсэхийг батлах шат руу орж буй бөгөөд дараагийн үе шатанд том амьтад дээр туршиж, улмаар хүний туршилтад шилжихээр төлөвлөж байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.