АНУ 2030 он гэхэд Ангараг гариг руу сансрын нисэгчдийг илгээх боломжтой гэж өөдрөгөөр харж байна. Энэ тухай АНУ-ын Тээврийн сайд бөгөөд НАСА-гийн захирлын үүрэг гүйцэтгэгч Шон Даффи Fox News телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
“Бид Сар руу ашигтай ачаа зөөж, тэнд бааз барихыг хүсэж байгаа бөгөөд 2030 оны эхээр Ангараг гариг руу сансрын нисэгчдээ илгээхээр төлөвлөж байна. Энэ аялал 8 сар үргэлжлэх болно,” гэж тэр тэмдэглэсэн байна.
НАСА-гийн Сарны хөтөлбөр болох Artemis-ийг 2019 онд зарласан бөгөөд энэ хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжинэ. Эхний шат 2022 оны 11-12 дугаар сард амжилттай хэрэгжиж, нисэгчгүй Orion хөлөг онгоц Сарыг тойрон нислэг үйлдээд дэлхийд буцаж иржээ. Хоёр дахь шат 2026 онд хэрэгжиж, сансрын нисэгчидтэй хөлөг онгоцоор Сарыг тойрон нисэхээр төлөвлөж байна. Гурав дахь шатанд сансрын нисэгчдийг Саран дээр буулгах зорилготой бөгөөд энэ нь Ангараг руу нисэгчид илгээх томоохон алхмын бэлтгэл болно.
Artemis хөтөлбөр нь Сарны бааз байгуулах, улмаар Ангараг гариг руу хүн илгээх замыг засах чухал төсөл юм. НАСА-гийн энэхүү төлөвлөгөө Ангараг гаригийн судалгааг шинэ шатанд гаргаж, хүн төрөлхтний сансрын хайгуулын түүхэнд томоохон амжилт болно гэж төлөвлөгджээ.