Anthropic компани анагаах ухааны салбарт чиглэсэн Claude чатботын тусгай хувилбар болох “Claude for Healthcare” болон амьдралын шинжлэх ухаанд зориулсан шинэ хэрэгслүүдээ танилцуулснаа мэдэгдлээ. Энэ мэдээллийг JPMorgan Healthcare бага хурлын үеэр зарласан бөгөөд компани олон нийтийн ерөнхий хэрэглээнээс илүү бизнес, мэргэжлийн хэрэглээ, тэр дундаа эрүүл мэндийн салбар руу төвлөрөх хандлагаа тодотгож байна.
HealthEx-тэй түншлэл, хэрэглэгчдэд зориулсан шинэ боломж
Энгийн хэрэглэгчдэд хамгийн гол мэдээлэл нь HealthEx-тэй байгуулсан түншлэл байв. Уг үйлчилгээ нь өөр өөр эмнэлгүүдэд хадгалагдсан эмнэлгийн бүртгэлүүдийг нэг аюулгүй орчинд нэгтгэж, түүнийг Claude-той холбох боломж олгоно. Ингэснээр хэрэглэгчид өөрсдийн шинжилгээний хариу, эмнэлгийн түүх дээр тулгуурлан чатботоос асуулт асуух боломжтой болох бөгөөд жишээлбэл, үзлэгийн үр дүнг илүү ойлгомжтой болгох, эмчид үзүүлэхээс өмнө асуух зүйлээ бэлтгэх зэрэгт ашиглаж болно.
Систем нь зөвшөөрөлд суурилсан хамгаалалттайгаар ажиллаж, тухайн асуултад хариулахад шаардлагатай өгөгдлийг л ашигладаг гэж тайлбарлажээ. Anthropic нь хувийн эмнэлгийн өгөгдлийг загвар сургахад ашиглахгүй гэдгээ мөн онцолсон байна. Мөн Function Health, Apple Health, Android Health Connect-тэй холболт хийх интеграцчиллыг бэлтгэж байгаа талаар дурджээ.
Эмч, даатгал, эмийн салбарт зориулсан тусгай хэрэглээ
Anthropic-ийн зарласан өөр нэг чиглэл нь эмч, даатгалын компаниуд, эмийн үйлдвэрүүдэд зориулсан шийдлүүд юм. Claude нь эмнэлгийн бүртгэл, даатгалын өгөгдөл, шинжлэх ухааны хэвлэлүүд дээр ажиллах боломжтойгоор төлөвлөгдөж байгаа бөгөөд үүний хүрээнд баримт бичгийн урсгалыг автоматжуулах, өвчтөний өргөдөл, хүсэлтийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой байна. Амьдралын шинжлэх ухааны салбарт хиймэл оюун ухааныг томоохон компаниуд аль хэдийн туршиж эхэлсэн бөгөөд Claude нь клиник туршилтад шаардагдах бичиг баримтыг илүү хурдан бэлтгэхэд туслах боломжтой гэж тайлбарлажээ.
Эдгээр боломжууд нь илүү нарийвчлалтай, алдаа багатай болсон шинэ Claude Opus 4.5 загварт суурилж ажиллана гэж мэдээлсэн байна. Anthropic-ийн тайлбарласнаар, зорилго нь хувь хүмүүс болон эрүүл мэндийн байгууллагуудыг өөр өөр эх сурвалжийн эмнэлгийн өгөгдлийг хиймэл оюун ухаантай хамт аюулгүй, тохиромжтой байдлаар ашиглах нөхцөлөөр хангах явдал аж.