Шинэ онтой зэрэгцэн MacBook цуврал томоохон шинэчлэлттэй нүүр тулах гэж байна. 2026 оны эхний сараас эхлэн Apple компанийн хэд хэдэн шинэ загвар дебютээ хийх төлөвтэй байгаа бөгөөд эдгээр нь компанийн зөөврийн компьютерын шугамыг дараагийн шатанд гаргах стратегийн чухал хэсэг болох юм. Тэд яг юу бэлдэж буйг доор тайвшгүй тайлбарлая.
M5 чиптэй шинэ MacBook Air – хамгийн эрэлттэй загварын дараагийн үе
Apple-ийн хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн танил зөөврийн компьютер болох MacBook Air 2026 оны эхээр шинэчлэлт хүлээнэ.
Дараагийн үеийн MacBook Air нь M5 цоо шинэ чип дээр ажиллахаар төлөвлөгдөж байгаа ч техникийн нарийвчилсан үзүүлэлтүүд одоогоор ил болгоогүй байна. Гэсэн ч нийтлэлчид болон шинжээчдийн мэдээлж буйгаар Apple загварын талаас нь том өөрчлөлт хийхгүй, харин сүүлийн үеийн M4 загварын дизайныг үргэлжлүүлэн ашиглах төлөвтэй байна.
Шинэ Air нь 13 болон 15 инчийн хоёр хувилбартай хэвээр байх магадлал өндөр бөгөөд өнгөний сонголтын хувьд M4-ийн тэнгэрийн цэнхэр өнгийг орлох шинэ өнгө гарч болзошгүй гэж таамаглаж байна. Мөн ашиглалтын туршлагыг сайжруулах чиглэлтэй, хэрэглэгчид шууд анзаарахгүй ч гэлээ бага хэмжээний нарийн сайжруулалтууд дагалдана гэж үзэж байна.
M4 MacBook Air-ийг энэ оны 3-р сарын эхээр танилцуулсан тул цагийн шугамыг харвал шинэ M5 MacBook Air нь 2026 оны 2-3-р сарын хооронд худалдаанд гарах хамгийн өндөр магадлалтай байна.
M5 Pro ба M5 Max чиптэй илүү хүчирхэг MacBook Pro
Apple саяхан үндсэн M5 чиптэй шинэ MacBook Pro-г гаргасан ч одоогоор зөвхөн 14 инчийн хувилбар худалдаанд байгаа бөгөөд Pro болон Max цувралын илүү хүчирхэг чиптэй хувилбарууд хараахан гараагүй байна.
Ирэх оны эхээр компани 14 болон 16 инчийн MacBook Pro загваруудаа M5 Pro болон M5 Max чиптэйгээр шинэчилж, илүү өндөр гүйцэтгэлтэй мэргэжлийн түвшний төхөөрөмжүүдийг танилцуулахаар бэлдэж байна. Эдгээр шинэчлэлтийн гол төв нь мэдээж шинэ үеийн Apple Silicon—M5 цуврал байх бөгөөд зөвхөн процессороор зогсохгүй:
- илүү хурдан ажиллагаатай SSD хөтөч,
- илүү их санах ойн зурвасын өргөн, өгөгдөл дамжуулалтын сайжруулсан чадамж
зэрэг нь Pro хэрэглэгчид, бүтээлч мэргэжилтнүүд, хөгжүүлэгчдэд зориулагдсан, илүү байнгын ачаалал даах чадвартай системийг бий болгох зорилготой.
MacBook Pro-д нүд тавьж буй хэрэглэгчдийн мэдэх ёстой нэг том хүчин зүйл бий: Apple аль хэдийн M6 чип дээр ажиллаж байгаа бөгөөд энэ нь 2026 оны сүүлээр худалдаанд гарах, илүү өргөн хүрээний шинэчлэл дагуулсан үе болохоор төлөвлөгдөж байна. Өөрөөр хэлбэл ирэх он MacBook Pro цувралд хоёроос доошгүй том үеийн шилжилт авчрах төлөвтэй байна.
12.9 инчийн шинэ, илүү хямд MacBook – iPhone хэрэглэгчдийг Mac руу татах нүүдэл
Энэ оны эхээр M4 MacBook Air-ийн анхны үнэ 999 ам.доллар болж буурч, одоо 749 ам.доллараар худалдаалагдаж байгаа нь Apple-ийн хамгийн боломжийн үнэтэй зөөврийн компьютеруудын нэг болоод байгаа. Гэсэн ч компани үүгээр зогсохгүй, Mac экосистем рүү шинэ хэрэглэгчид, ялангуяа iPhone хэрэглэгчдийг татах дараагийн алхмаа хийх гэж байна.
2026 оны эхэн үед Apple бүр ч хямд үнэтэй шинэ Mac загварыг танилцуулах төлөвтэй бөгөөд энэхүү төхөөрөмжийг энгийнээр “MacBook” хэмээн нэрлэх магадлал өндөр гэж эх сурвалжууд мэдээлж байна.
Дотоод мэдээллээс үзвэл шинэ MacBook нь 12.9 инчийн дэлгэцтэй байх төлөвтэй. Түүнийг уламжлалт Mac чип биш, харин iPhone-д ашиглагддагтой адил A18 Pro чипээр тоноглох юм. Ингэснээр iPhone болон Mac-ийн хооронд техник, программын хувьд илүү нягт уялдаа бий болгох боломжтой гэж Apple тооцоолж байна.
Шинэ MacBook нь мөн өнгөний сонголтоороо илүү залуучууд, өргөн хүрээний хэрэглэгчдэд чиглэж буйг харуулна. Эх сурвалжийн мэдээлснээр: мөнгөлөг, цэнхэр, ягаан, шар зэрэг өнгөтэй байх ба үнийн хувьд 599–699 ам.долларын хооронд тогтох урьдчилсан тооцоо гарчээ.
Mac платформ сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, M-серийн чипүүдийн ачаар гүйцэтгэл, батарейн хугацааны хувьд өрсөлдөгчдөөсөө давуу тал олж авсан ч Apple компани нэг том сорилтой тулгарсан хэвээр байна. Тэд iPhone хэрэглэгчдийн дийлэнх нь зөөврийн компьютер авахдаа Windows-той компьютер эсвэл Chromebook сонгосоор байгааг сайн мэдэж байгаа. Тиймээс илүү хямд, хүртээмжтэй үнэтэй MacBook гаргаснаар энэ хэв маягийг өөрчилж, iPhone хэрэглэгчдийг Mac экосистемд татах гол түлхүүр болно гэж найдаж байгаа юм.