Apple 3 тэрбум дахь iPhone-оо худалдаж, түүхэн амжилтад хүрлээ

нийтлэгч Содном Энхбаяр
Apple 3 тэрбум дахь iPhone-оо худалдаж, түүхэн амжилтад хүрлээ

Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк 2025 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайланг танилцуулах үеэр компанийн гол бүтээгдэхүүн болох iPhone утасны борлуулалт гурван тэрбумд хүрснийг зарлалаа. Энэ бол технологийн салбарын хувьд түүхэн амжилт бөгөөд Apple компани инноваци, хэрэглэгчийн сонирхолд нийцсэн бүтээгдэхүүнээрээ зах зээлд ноёрхсоор байгаагийн илрэл юм.

Анхны iPhone 2007 онд танилцуулагдаж байсан бол 2016 он гэхэд нийт борлуулалт нэг тэрбумд хүрсэн. Харин хоёр тэрбум ширхэг iPhone борлуулахад ердөө таван жил, гурав дахь тэрбумд дөрвөн жилийн хугацаа зарцуулжээ. Хэрэглэгчдийн дунд, ялангуяа АНУ-ын залуусын дунд Android биш харин iPhone-ыг илүүд үзэх хандлага хүчтэй хэвээр байгаа тул энэхүү өсөлт цаашид ч үргэлжлэх төлөвтэй гэж The Verge онцолсон байна.

Apple-ийн интернет үйлчилгээний ахлах дэд ерөнхийлөгч Эдди Кью өгсөн ярилцлагадаа “шинэ технологи хөгжихийн хэрээр ирээдүйд iPhone шаардлагагүй болох магадлалтай” хэмээсэн нь анхаарал татаж байна. Гэсэн ч ухаалаг утас Apple-ийн бизнесийн гол тулгуур хэвээр байгаа тул компанийн хувьд энэ хэтийн төлөвийг нухацтай авч үзэхээс өөр аргагүй бололтой.

Санхүүгийн тайлан танилцуулах үеэр шинжээчдийн зүгээс Тим Күүкээс “iPhone-оос цааш ямар технологи давамгайлах вэ?” гэсэн асуултыг тавихад тэрбээр “Apple өөр зүйл дээр төвлөрч байгаа” хэмээн мэдэгдсэн. Гэхдээ iPhone-ыг шинэ технологи бүрэн орлох бус, харин нэмэлт төхөөрөмжөөр дэмжигдэх хувилбар байж болохыг үгүйсгэсэнгүй.

Түүнчлэн The Verge сэтгүүл OpenAI-ийн тэргүүн Сэм Алтман болон Apple-ийн загварын ахлах дизайнер асан Жони Айв нарын хамтран боловсруулж буй шинэ төхөөрөмж нь Apple-ийн дараагийн буюу дөрөв дэх тэрбум iPhone-ын борлуулалтыг удаашруулах магадлалтайг онцолжээ.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.