Apple компани 2027 онд iPhone-ийн 20 жилийн ойд зориулсан бүрэн хүрээгүй, шинэ загварын ухаалаг утас бүтээх төлөвлөгөөгөө үргэлжлүүлж байгаа талаар мэдээлэл гарлаа. Энэ талаар технологийн салбарын найдвартай эх сурвалжид тооцогддог Digital Chat Station мэдээлжээ.
Одоогийн байдлаар Apple урд камер болон Face ID системийг бүрэн дэлгэцийн доор байрлуулах технологийг хөгжүүлж байгаа бөгөөд уг төсөл техникийн хүндрэлтэй тулгарч байгаа ч үргэлжилсээр байна. Туршилтын загварт дөрвөн талаасаа нугарсан дэлгэц ашиглаж, ямар ч нүх, зүсэлтгүй, бүхэл бүтэн шилэн нүүртэй мэт харагдуулах зорилготой аж.
Мөн компанийн зүгээс завсрын загваруудад Dynamic Island хэсгийг багасгах чиглэлээр ажиллаж байна. 2025 онд гарах iPhone 18 загварт энэ элемент илүү жижиг болох ч бүрэн алга болохгүй. Харин дэлгэц дээрх бүх төрлийн зүсэлтийг бүрэн арилгах зорилгыг зөвхөн ойн загварт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Шинэ загварт физик товчлуур байхгүй байхаар төлөвлөж байгаа нь дэлгэцийн талбайг нэмэгдүүлэх, жинхэнэ хүрээгүй дизайн бий болгох зорилготой. Өмнө нь бусад үйлдвэрлэгчид дэлгэцийн доорх камер туршиж байсан ч зураг авалтын чанар болон дэлгэцийн жигд байдал хангалтгүй байсан. Харин Apple энэ асуудлыг аль болох бага алдагдалтай шийдэхийг зорьж байна.
Тус ойн загвар 2027 онд, анхны iPhone танилцуулагдсанаас хойш 20 жилийн ойгоор зах зээлд гарна гэж үзэж байна.