2025 оны зургаадугаар сарын 9-нд болсон WWDC (Worldwide Developers Conference) арга хэмжээний үеэр Apple компани тоглоом сонирхогчдын хувьд томоохон шинэчлэл авчирсан Apple Games нэртэй шинэ аппликейшнээ танилцууллаа. Энэхүү платформ нь App Store болон Apple Arcade-ийн бүх тоглоомыг нэг дор төвлөрүүлэн, хэрэглэгчдэд илүү цэгцтэй, ухаалаг тоглоомын орчинг санал болгохоор зориулагджээ.
Apple Games апп нь дараах үндсэн боломжуудыг агуулна:
- Хялбар навигацтай хэрэглэгчийн интерфейс
- Релиз болон шинэчлэлийн талаарх мэдээ мэдээлэл
- Тоглоомын зөвлөмж, рейтингийн жагсаалт
- Тоглоом хөгжүүлэгчдээс ирэх тусгай даалгавар
- Хувийн номын сан, найзуудтайгаа холбогдон тоглох боломж
Энэхүү платформыг 2025 оны намар, Apple-ийн шинэ үйлдлийн системүүдийн хамтаар гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд гар утас, таблет болон Mac төхөөрөмжүүдийг бүхэлд нь хамрах юм. Түүнчлэн Mac болон iPad дээр баруун талын тусгай “оверлей” самбар гарч ирэх бөгөөд хэрэглэгч тухайн самбараар дамжуулан тоглоомын мэдээлэл, хандалт, нэгдсэн удирдлагыг авна.
Apple мөн MacOS-д зориулсан хоёр шинэ тоглоомыг анонслав:
- inZOI – өдөр тутмын амьдралын симулятор
- Crimson Desert – адал явдалт, RPG болон экшн элемент хосолсон томоохон хэмжээний тоглоом
Эдгээр нь өндөр графиктай, нягтрал ихтэй тоглоомд дуртай хэрэглэгчдэд зориулагдсан бөгөөд Apple-ийн тоглоомын экосистемийг өргөжүүлэх томоохон алхам болж байна.
Мөн Apple график технологи болох Metal-ийн шинэ хувилбарыг зарлалаа. Энэхүү шинэчлэлд:
- Frame interpolation — кадруудын хооронд дундын зургийг үүсгэж FPS (frame-per-second)-ийг нэмэгдүүлдэг систем
- Ray tracing буюу гэрлийн замыг тооцоолдог өндөр нарийвчлалтай дүрслэлд зориулсан шуугиан дарах технологи зэрэг багтаж байна.
Apple Games бол зөвхөн нэгэн апп биш, харин гүйцэд боловсруулсан тоглоомын нэгдсэн орчин юм. Гэхдээ хамгийн чухал нь – энэ бол Apple-ийн тоглоомын салбар руу хийсэн хамгийн нухацтай, стратегийн ач холбогдолтой алхам гэж хэлж болно.