Apple компани iPhone 17 Pro болон iPhone 17 Pro Max загварууддаа уурын камер бүхий шинэ хөргөлтийн систем суурилуулахыг зорьж байгааг олон нийтэд тархсан мэдээллүүд гэрчилж байна. Сүүлийн мэдээллээр инсайдер “Majin Bu” нэртэй эх сурвалж уурын хөргөлтийн системд ашиглагдаж болзошгүй зэсэн дулаан дамжуулагч хавтангийн зураг хуваалцсан нь цуурхлын үнэн бодит байдалд анхаарал татаж байна.
Ийм төрлийн уурын хөргөлтийн технологийг Samsung Galaxy S25 Ultra зэрэг өндөр үзүүлэлттэй Android утаснуудад аль хэдийн нэвтрүүлсэн байдаг. Харин Apple-ийн зүгээс одоог хүртэл графит хуудас ашиглаж ирсэн бөгөөд энэ нь дулаан дамжуулах хувьд харьцангуй сул гэдэг нь батлагдсан. Хэрэв дээрх мэдээлэл үнэн бол iPhone 17 Pro нь Apple-ийн анхны уурын хөргөлтийн системтэй утас болох юм.
Уурын хөргөлтийн систем хэрхэн ажилладаг вэ?
Энэхүү шинэ систем нь нарийн металл хөндий камер бүхий бүтэцтэй бөгөөд камер дотор бага хэмжээний шингэн агуулагдана. Утасны дотоод температур нэмэгдэх үед шингэн ууршиж, камер дотор тархсанаар дулааныг илүү үр дүнтэй тараах үүрэг гүйцэтгэнэ. Дараа нь уур хөрч, буцаж шингэн болж конденсацлагдсанаар цикл дахин үргэлжилдэг.
Шинэ систем нь ялангуяа тоглоом тоглох, өндөр нягтралтай видео боловсруулах зэрэг ачаалал ихтэй горимд орсон үед iPhone хэт халалтаас сэргийлэх, A19 Pro чипийн тогтвортой ажиллагааг хангахад чиглэгдэнэ.
Majin Bu – найдвартай эсвэл таамаглагч?
“Majin Bu” өмнө нь iPadOS 26-д Mac загварын цэс нэмэгдэх тухай амжилттай мэдээлж байсан ч iOS 26 системд USB-C порттой iPhone-д Stage Manager нэмэгдэнэ хэмээсэн мэдээлэл ташаа байсан. Иймээс түүний энэ удаагийн зурган эх сурвалж бодит эсэхийг батлах боломжгүй байгаа хэдий ч энэ нь Apple уурын хөргөлтийн технологийг туршиж байна гэсэн таамгийг улам бэхжүүлж байна.
Apple компани iPhone 17 Pro загваруудаа 2025 оны есдүгээр сард танилцуулах хуваарьтай байгаа бөгөөд энэхүү хөргөлтийн шинэ шийдэл нь тухайн үеийн онцлох сайжруулалтуудын нэг болох төлөвтэй байна.