Apple компани ирээдүйн iPhone загваруудад зориулсан дэвшилтэт камерын мэдрэгч бүтээж байгаа бөгөөд энэ нь мэргэжлийн киноны дүрслэлтэй тэнцэхүйц чанартай байхаар зорьж буйг WccfTech дамжуулан мэдээлжээ. Хятадын Insider Fixed Focus Digital-ийн мэдээлснээр энэхүү мэдрэгч нь патентын шат дамжлагыг давсан бөгөөд одоогоор лабораторийн нөхцөлд туршилтад орсон байна.
Тус мэдрэгчийн хамгийн гол давуу тал нь LOFIC (Lateral Overflow Integration Capacitor) хэмээх технологиор тоноглогдсон явдал юм. Энэ технологи нь:
- Пиксел бүрийн гэрэл хүлээн авах чадварыг нэмэгдүүлдэг
- Хэт их гэрэл эсвэл хэт бараан орчныг ялгаж, нарийн деталь хадгалах боломжийг бүрдүүлдэг
Ийм төрлийн шийдлээр дамжуулан мэдрэгч нь 20 хүртэл зогсолтын динамик хүрээ (dynamic range) үүсгэх боломжтой болж байгаа нь одоогийн iPhone-ийн 12–14 зогсолттой харьцуулахад том дэвшил юм. Энэ нь ухаалаг утасны камерын мэдрэгч мэргэжлийн кино камерын түвшинд ойртож буйг харуулж байна.
Энэхүү шинэ мэдрэгч нь зураг, видео боловсруулах үеийн програм хангамжийн ачааллыг бууруулах бөгөөд тэр дундаа бага гэрэлтэй орчинд зураг авч буй үед компьютерийн оролцоогүйгээр дуу чимээг багасгах боломжийг нэмэгдүүлнэ. Ингэснээр дараах боловсруулалтаас шалтгаалсан бүдэг, нарийвчлал муутай дүрснүүдийг багасгах юм.
Apple компанийн энэхүү шинэчилсэн мэдрэгч нь зөвхөн техникийн шинэчлэл бус, гуравдагч талын нийлүүлэгчдээс хараат бус байх стратегийн нэг хэсэг юм. Тус компани өмнө нь Apple Silicon процессор болон модем хөгжүүлэлтийн чиглэлээр ижил алхам хийж, Qualcomm зэрэг компанийн бүтээгдэхүүнийг орлуулж эхэлсэн байдаг.
Энэ шинэ мэдрэгч нь iPhone 17 загваруудад орохгүй ч iPhone 18 цуврал-аас эхлэн нэвтрэх магадлалтай. Үүнээс гадна LOFIC технологийг Apple Vision зэрэг холимог бодит байдлын төхөөрөмжүүд болон бусад бүтээгдэхүүнд ашиглах боломжтой гэж мэдээлжээ.