Apple компанийн Маркетингийн дэд ерөнхийлөгч Грег Жосвяк олон нийтийн сүлжээнд “Хүчирхэг зүйл ирж байна” гэсэн тайлбартай нууцлаг тизер нийтэлснээр шинэ MacBook Pro (M5 чиптэй) удахгүй гарахыг батлав.
Түүний нийтлэлд V хэлбэртэй MacBook Pro-ийн дүрс, “Ммммм” гэсэн таван “M” үсэг бүхий хөдөлгөөнт дүрс байсныг харвал энэ нь M5 процессорын бэлгэ тэмдэг гэж шинжээчид үзэж байна.
M5 чиптэй MacBook Pro маргааш зарлагдаж магадгүй
Инсайдеруудын мэдээлснээр Apple маргааш (аравдугаар сарын 15-нд) шинэ 14 инчийн MacBook Pro-гоо M5 чиптэйгээр танилцуулах төлөвтэй байна.
Шинэ загвар нь өмнөх үеийнхтэй ижил хэлбэр дизайнтай байх боловч шинэ өнгөний сонголт, тухайлбал Sky Blue өнгийг нэмэх магадлалтай. Энэ өнгө нь өмнө нь MacBook Air болон iPhone-д ашиглагдаж байсан.
M5 платформ дээрх бусад төхөөрөмжүүд
Шинэ MacBook Pro-гоос гадна Apple ойрын үед:
- M5 чиптэй iPad Pro,
- Vision Pro чихэвчийн шинэ хувилбар,
- мөн Apple TV болон HomePod mini-ийн шинэ загварыг танилцуулах төлөвтэй байна.
Харин M5 Pro болон M5 Max хувилбаруудыг 2026 оноос өмнө гаргахгүй гэж таамаглаж байна.
Apple компанийн хувьд одоогоор борлуулалтын огноо болон дэлгэрэнгүй техникийн үзүүлэлтийг нийтлээгүй байгаа ч тизер нь шинэ бүтээгдэхүүнүүдийн зарлал тун ойрхон байгааг илтгэж байна.