Apple компани Apple Silicon-ийн шинэ үе болох M5 чипээ хамгийн түрүүнд iPad Pro-д танилцуулж, Mac-д эхэлж гаргадаг уламжлалаасаа дахин зөрлөө. 2024 онд M4-ийг анх удаа iPad Pro дээр дебют хийлгэсний дараа, энэ удаад ч мөн M5 чип ижил замналаар гарч ирж буйг Bloomberg агентлагийн сүүлийн тайлан онцолжээ.
MacBook Pro дээрх M5: Хойшлогдсон шинэчлэл
Мэдээллийн дагуу, Apple анх 2025 оны сүүлээр шинэ M5 чиптэй 14 болон 16 инчийн MacBook Pro загваруудыг (код нэр J714, J716) танилцуулахаар төлөвлөж байсан ч шинэ гарцыг 2026 оны эхэн хүртэл хойшлуулжээ.
Bloomberg-ийн Марк Гурман “Apple эдгээр компьютеруудыг 2025 онд гаргахаар төлөвлөж байсан ч одоо нээлтээ 2026 он хүртэл хойшлуулахаар төлөвлөж байна” хэмээн мэдээлсэн байна.
Энэ нь MacBook Pro-ийн шинэчлэлийн хуваарьт урьд байгаагүй удаашрал бий болохыг илтгэж байгаа юм. M1, M3, M4 бүхий загварууд 10-11 дүгээр сард танилцуулагдаж байсан бол M5 энэ уламжлалаас гажиж байна.
iPad Pro M5-ийг хүлээн авах анхны төхөөрөмж
Үүний зэрэгцээ, Apple энэ оны намар шинэ үеийн M5 чиптэй iPad Pro-г худалдаанд гаргах гэж буйг Гурман баталлаа. Ингэснээр M5 нь эхэндээ зөвхөн iPad дээр ашиглагдах ба дор хаяж 2026 оны эхэн хүртэл өөр ямар ч төхөөрөмжид гарч ирэхгүй.
2024 оны 5-р сард M4 ч мөн ижил замаар хамгийн түрүүнд iPad Pro-д гарч ирж, зөөврийн компьютеруудад арай хожуу нэвтэрсэн. Энэ хандлагаас харахад Apple өөрийн шинэ архитектурыг хамгийн түрүүнд iPad дээр турших, эсвэл iPad Pro-г илүү хүчирхэг төхөөрөмж болгон түлхүү хөгжүүлэх бодлого баримталж байж болзошгүй.
Шинэ стратеги уу?
Энэ нь тохиолдлын давхцал биш бололтой. Хоёр жил дараалан дараагийн үеийн чипийг Mac биш, харин iPad Pro дээр анх танилцуулж буй явдал нь Apple-ийн шинэ хандлагын илрэл гэж үзэх үндэслэлтэй. Тус компани iPad Pro-г зүгээр нэг таблет бус, бүрэн хүчин чадалтай, MacBook-ийн өрсөлдөгч болгохыг зорьж байж магадгүй. Эсвэл шинэ чипийн эхний туршилтын платформ болгон ашиглаж байгаа байх.
Дүгнэлт
Apple-ийн шинэ M5 чипийг хамгийн түрүүнд iPad Pro хүлээн авах нь одоо шинэ жишиг болж эхэлж байна. Харин MacBook Pro хэрэглэгчдэд шинэ үеийн хүчин чадлыг мэдрэхийн тулд 2026 он хүртэл хүлээх шаардлагатай болох нь.