Apple: Mac Mini M2 загварууд асахаа больсон тул засварын хөтөлбөр эхлүүллээ

нийтлэгч Содном Энхбаяр
Mac Mini M2

Apple компани өнгөрсөн Баасан гарагт Mac Mini M2 загварын компьютеруудын зарим нь цаг хугацааны явцад асахаа больж байгаа тул албан ёсны засварын хөтөлбөр эхлүүлснээ мэдэгдлээ. Энэ хөтөлбөр зөвхөн 2023 оны Mac Mini M2 загварт хамаарах бөгөөд бусад Mac Mini төхөөрөмжүүд хамрагдахгүй.

Тус хөтөлбөр нь дэлхий даяар хэрэгжиж байгаа ба хэрэглэгч тухайн төхөөрөмжийг худалдан авснаас хойш гурван жилийн хугацаанд үнэ төлбөргүй засварын үйлчилгээ авах боломжтой. Apple компанийн мэдээлснээр 2024 оны зургаадугаар сарын 16-наас арваннэгдүгээр сарын 23-ны хооронд үйлдвэрлэгдсэн зарим Mac Mini M2 загварууд асахаа больж байгаа аж.

Компанийн мэдэгдэлд:

“Apple компани Mac Mini (2023) загварын M2 чиптэй төхөөрөмжүүдийн маш бага хувь нь асахаа больсон гэдгийг тогтоосон. Хэрэв таны төхөөрөмж энэ асуудалд өртсөн бол доорх цуврал дугаараар шалгаж, үнэгүй засварын хөтөлбөрт хамрагдах боломжтой” гэжээ.

Засвар авахын тулд хэрэглэгч:

  • Apple-ийн албан ёсны дэлгүүрт хандах
  • Apple-ийн албан ёсны засварын төвтэй холбогдох
  • Эсвэл Apple-ийн хэрэглэгчийн дэмжлэгтэй холбогдон зөвлөгөө авах боломжтой.

Хэрэв таны Mac Mini дээр бусад эвдрэл гэмтэл байвал засвар үйлчилгээний өмнө эхэлж засах шаардлагатай болохыг анхааруулжээ. Мөн энэхүү засварын хөтөлбөр нь таны төхөөрөмжийн стандарт баталгааг сунгахгүй гэдгийг Apple онцлон дурдсан байна.

Mac Mini M2/M2 Pro загваруудыг Apple компани 2023 оны нэгдүгээр сард танилцуулж, M1 болон Intel чиптэй хувилбаруудынхаа худалдааг зогсоосон. M2 чип нь 4 өндөр гүйцэтгэлтэй, 4 энерги хэмнэлттэй цөм, мөн 10 цөмт график карттай. Мөн Thunderbolt 4, 10Gb Ethernet болон 8K 30fps хос видео урсгал дэмждэг.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.