Apple компани Mac Pro шугамын үйлдвэрлэлийг албан ёсоор зогсоож, цаашид шинэ загвар гаргах төлөвлөгөөгүй болсон нь тодорхой боллоо. Төхөөрөмж компанийн албан ёсны сайтаас хасагдаж, худалдан авах хэсэг болон бүх мэдээлэл устгагдсан байна.
Mac Pro нь олон жилийн турш мэргэжлийн хэрэглэгчдэд зориулсан Apple-ийн гол бүтээгдэхүүнүүдийн нэг байв. Сүүлийн томоохон шинэчлэл нь 2019 онд Pro Display XDR дэлгэцийн хамт танилцуулагдсан бөгөөд эхэндээ Intel процессортой байсан бол 2023 онд M2 Ultra чиптэй хувилбараар шинэчлэгдэж байжээ.
Гэсэн ч түүнээс хойш уг загвар дахин шинэчлэгдээгүй бөгөөд $6999-оос эхэлдэг өндөр үнэтэй хэвээр үлдсэн. Энэ хугацаанд Apple илүү орчин үеийн шийдэл болох Mac Studio-г M3 Ultra чиптэйгээр танилцуулсан нь анхаарал татсан.
Mac Studio шинэ үндсэн шийдэл болж байна
Одооноос эхлэн Mac Studio нь Apple-ийн мэргэжлийн ширээний компьютерийн үндсэн бүтээгдэхүүн болохоор байна. Тус төхөөрөмж нь:
- 32 цөмт CPU
- 80 цөмт GPU
- 256 ГБ хүртэлх нэгдсэн санах ой
- 16 ТБ хүртэлх SSD
зэрэг өндөр үзүүлэлтүүдийг санал болгож байна.
Үүнээс гадна Apple iMac (24″), Mac mini, Mac Studio ширээний компьютерууд болон MacBook Neo, MacBook Air, MacBook Pro зөөврийн компьютеруудыг худалдаанд үлдээжээ.
Мөн macOS үйлдлийн системд Thunderbolt 5 ашиглан хэд хэдэн Mac төхөөрөмжийг холбож, гүйцэтгэлийг нэмэгдүүлэх шинэ боломжийг танилцуулсан. Энэ нь Mac Pro шиг өндөр хүчин чадал шаардсан хэрэглээг орлуулах шийдэл гэж үзэж байна.
Ингэснээр Apple компани тусдаа ultra-профессионал ширээний компьютерын шугамаас татгалзаж, илүү авсаархан, өргөтгөх боломжтой шийдлүүдэд анхаарлаа төвлөрүүлж эхэлжээ.