Apple сенсор дэлгэцтэй шинэчлэгдсэн MacBook Pro дээр ажиллаж байгаа тухай мэдээлэл гарлаа. Тухайн загварууд iPhone-ын хэв маягтай OLED дэлгэцтэй болж, мөн чухал боломжийн нэг болох Dynamic Island-ийг авах төлөвтэй гэж эх сурвалжууд мэдээлжээ. 2022 онд iPhone 14 Pro болон iPhone 14 Pro Max дээр анх танилцсан энэ “динамик бүс” нь мэдэгдэл, үйлдлүүдийг бодит цагт харуулж, төхөөрөмжтэй харилцах явцыг илүү эвтэй, ойлгомжтой болгодог. Ирээдүйн MacBook Pro дээр Dynamic Island нэлээд анзаарагдах нэмэлт болох төлөвтэй байна.
2023 оноос яригдсан өөрчлөлт ба шинэ загваруудын хугацаа
Apple сенсор дэлгэцтэй ноутбук хийх тухай яриа 2023 оноос идэвхтэй өрнөж байсан ч компани сенсор ангилал дахь гол бүтээгдэхүүнээ iPad дээр төвлөрүүлсээр ирсэн. Харин MacBook-д ийм шинэчлэл оруулах нь сенсор дэлгэцтэй Windows ноутбукуудын эрэлт, түгээмэл байдлын нөлөөтэй байж магадгүй. Мэдээллээр дараагийн үеийн 14 болон 16 инчийн MacBook Pro нь K114, K116 гэсэн код нэртэй бөгөөд 2026 оны гуравдугаар сарын эхээр танилцуулах хувилбар яригдаж байна.
Сенсор дэлгэц нэмэгдсэн ч iPad шиг бүрэн “тач” болохгүй
Сенсор дэлгэцтэй болно гэдэг нь MacBook iPad шиг бүрэн тач интерфэйст шилжинэ гэсэн үг биш. Ноутбук уламжлалт гар, трэкпадтайгаа хэвээр үлдэнэ. Харин гол өөрчлөлт нь интерфэйсийн талд гарна: хагас тунгалаг гадаргуу, “шилэн” дүрслэлтэй икон, уян хатан визуал элементүүдтэй macOS Tahoe шинэчлэлт нь системийг сенсор удирдлагад илүү тохируулах зорилготой гэжээ.
Dynamic Island-ийг ноутбукийн камерын дээр байрлуулах бөгөөд iPhone-оос жижиг хэмжээтэй байхаар төлөвлөсөн байна.
Сенсор удирдлагын шинэ боломжууд
Хэрэглэгчид сенсорын шинэ функцуудыг ашиглах боломжтой гэж дурджээ. Үүнд:
- дарж хүрэх үед хурууны эргэн тойронд гарч ирэх цэсүүд,
- дээд цэсний мөрөн дэх томруулсан удирдлагын элементүүд,
- хурдан гүйлгэх,
- масштабаар томруулах/жижигрүүлэх,
- эмодзи цэс.
Эдгээр нь уламжлалт болон сенсор интерфэйсийг илүү үр дүнтэй хослуулах зорилготой гэж мэдээлэлд онцолжээ.
Танилцуулах огноо эцэслээгүй
Apple сенсор дэлгэцтэй MacBook Pro-ийн яг таг гаргах хугацааг албан ёсоор зарлаагүй байна. Гэхдээ эх сурвалжуудын мэдээллээр K114, K116 шинэчлэлүүд 2026 оны төгсгөлөөс өмнө танилцуулагдах хувилбар яригдаж байна.