Bloomberg: Шинэ iPad mini нойтон орчинд аюулгүй ашиглах боломжтой болно
Apple компани iPhone-ийн адил усны хамгаалалтын стандартыг хангасан, ус, чийгэнд тэсвэртэй iPad mini загварыг боловсруулж байгаа талаар Bloomberg мэдээллээ. Энэхүү шинэ хувилбар нь угаалгын өрөө, усан сан зэрэг нойтон орчинд ашиглахад аюулгүй байх хамгаалалтын түвшинтэй байх гэнэ.
Чанга яригчийн шинэ технологи ус нэвтрэх эрсдэлийг бууруулна
Тайлангаас үзэхэд, Apple компани чичиргээний технологид суурилсан шинэ төрлийн чанга яригч систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ нь уламжлалт нүхтэй чанга яригчийг орлох бөгөөд ингэснээр төхөөрөмжийн гадаргуугаас ус нэвтрэх боломжийг бараг бүрэн хаах юм.
Өмнө нь iPhone-ийн хувьд Apple нь наалдамхай материал, резинэн жийргэвч ашиглан усны хамгаалалтыг хангадаг байсан бол iPad mini-д илүү нарийн инженерийн шийдэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
IP68 түвшний хамгаалалт хүлээгдэж байна
Одоогийн байдлаар iPad mini нь албан ёсны усны хамгаалалтгүй бөгөөд нойтон орчинд ашиглах нь эрсдэлтэй. Харин шинэ загвар нь iPhone-ы IP68 стандарттай ойролцоо түвшинд хүрч, 6 метрийн гүнд 30 минутын турш усанд тэсвэртэй байх магадлалтай байна. Гэхдээ яг ямар IP зэрэглэл авах нь хараахан тодорхойгүй байгаа аж.
OLED дэлгэцтэй шинэ үеийн iPad mini 2026 онд гарах төлөвтэй
Дараагийн үеийн iPad mini нь OLED дэлгэцтэй, илүү тод өнгө, гүн хар өнгө үзүүлэх чадвартайгаар худалдаанд гарах бололтой. Энэхүү шинэчлэлт 2026 онд албан ёсоор танилцуулагдах төлөвтэй байна.
iPad mini-ийн хамгийн сүүлийн буюу долдугаар үеийн загвар 2024 онд гарсан бөгөөд шинэ хувилбар нь илүү дэвшилтэт технологитой, гэхдээ үнийн хувьд өндөр байх төлөвтэй. Шинэ таблетын үнэ 499 ам.доллараас 599 ам.доллар хүртэл өсөх магадлалтай гэж шинжээчид таамаглаж байна.