Apple-ийн ухаалаг цаг хэрэглэгчийн зүрхний цохилт, алхамын тоог өндөр нарийвчлалтайгаар хянадаг ч, калорийн зарцуулалтыг тооцохдоо төдийлөн найдвартай бус болохыг Миссисипи мужийн их сургуулийн судалгаагаар илрүүллээ. Уг судалгаанд дурдсанаар Apple Watch цагны тооцоолсон калорийн хэмжээ дундажаар 27.96% алдаатай байгаа нь хэрэглээний түвшний төхөөрөмжүүдэд зөвшөөрөгдсөн хүлцлийн хязгаараас гурав дахин их дүн юм.
Судалгаанд Apple Watch-ийн хэд хэдэн загварыг туршиж үзсэн бөгөөд төхөөрөмжийн хувилбараас үл хамааран, хэрэглэгчдийн төрлөөс болон гүйцэтгэсэн хөдөлгөөнөөс үл хамааран ижил алдаатай байсан байна. Харин зүрхний цохилт болон алхамын хэмжилтийн алдаа харьцангуй бага буюу 4.43% ба 8.17% байсан нь хэрэглэгчийн фитнес төхөөрөмжид тавигдах стандартын хүрээнд тооцогдож байна.
Энэхүү дүгнэлт нь өмнөх 56 өөр судалгааны үр дүнг нэгтгэн шинжилсний үр дүнд гарсан бөгөөд Apple-ийн төхөөрөмжүүдийг клиникийн хэмжилтийн “алтны стандарттай” харьцуулсан ажээ.
Apple компани Apple Watch-ийн тооцоолол хэрхэн хийгддэг талаарх алгоритмыг ил гаргадаггүй. Мөн уг төхөөрөмжийг эмнэлгийн зориулалттай хэмжилт хийнэ гэж хэзээ ч амлаж байгаагүй, харин ерөнхий эрүүл мэнд, амьдралын хэв маягт дэмжлэг үзүүлэх хэрэгсэл хэмээн танилцуулж ирсэн. Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд биеийн дулаан хянах, нойрны апное илрүүлэх зэрэг илүү нарийн шинэ функцүүдийг танилцуулсаар байна.
Судлаачид энэ судалгаагаар брэндийг гутаах зорилго агуулаагүй бөгөөд хэрэглэгчдэд тухайн төхөөрөмжийн хязгаарлалтыг ойлгуулах, бодит хүлээлттэй байхыг сануулах зорилготой гэж мэдэгдсэн юм. “Эдгээр төхөөрөмж нь дадал зуршлыг хянаж, өөрийгөө хөгжүүлэхэд тун үр дүнтэй. Гэвч тоон мэдээллийг, ялангуяа калорийн хэмжээ зэргийг 100% үнэн бодит гэж хүлээж авах хэрэггүй. Үүнийг зааварлагч хэрэгсэл гэж ойлгох нь илүү зөв юм” хэмээн судалгааны багийнхан дүгнэжээ.
Энэ мэдээлэлтэй зэрэгцэн, ирэх Даваа гарагт эхлэх Apple-ийн WWDC 2025 хөгжүүлэгчдийн чуулган дээр тус компани iOS, macOS, watchOS, visionOS зэрэг системүүдийн шинэчлэл, AirPods-ийн шинэ функцууд, мөн M4 чиптэй Mac Pro болон ухаалаг гэрийн төхөөрөмж танилцуулах хүлээлттэй байна.