Asus компанийн хамгийн тансаг график карт болох ROG Astral RTX 5090 Dhahab Edition загвар Дундад Дорнодын зах зээлд албан ёсоор худалдаанд гарч, технологийн ертөнцөд анхаарал татаж байна. Энэхүү ховор загварын үнэ 10 мянган ам.доллар хүрч байгаа бөгөөд онцлох зүйл нь зөвхөн өнгө, гялалзсан гадаргуу бус — жинхэнэ 6.5 грамм цэвэр алт (999 сорьц) ашигласан явдал юм.
Алтны өнөөгийн ханшаар тооцвол 700 ам.доллар орчим үнэ хүрэх ч, картын нийт үнэтэй харьцуулахад энэ нь өчүүхэн хэсэг. Улс орон бүрийн зах зээл дээр 6,700–10,600 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа нь түүнийг жирийн RTX 5090-оос 3–4 дахин өндөр үнэтэй болгож байна.
Гэхдээ энэхүү “Dhahab” буюу “алт” гэсэн араб нэртэй загвар нь техникийн хувьд ердийн RTX 5090-ийн хүчин чадал, үзүүлэлттэй яг ижил. Өөрөөр хэлбэл, алтан бүрээснээс өөр ялгаа байхгүй.
Asus уг загварыг тансаг хэрэглээ, ховор цуглуулгын зах зээлд зориулах зорилготой гаргасан бөгөөд ийм төрлийн бүтээгдэхүүн нь зөвхөн гүйцэтгэл бус, нэр хүнд, статус илэрхийлдэг хэрэгсэл болон хувирч байна.