Asus ROG брэндийн шинэ хоёр OLED монитор болох ROG Strix OLED XG32UCWMG болон ROG Strix OLED XG32UCWG загварууд албан ёсоор танилцуулагдлаа. 2023 онд гарсан 27 инчийн XG27AQDMG загварын амжилтын дараа хэрэглэгчдийн хүсэлтээр 32 инчийн гялалзсан дэлгэцтэй хувилбарууд гаргаж буйгаа Asus онцолсон байна.
Гялалзсан дэлгэцийн хувьд зарим хэрэглэгчдэд гэрэл ойлт, тусгалын асуудал үүсгэж болох ч, илүү гүн хар өнгө, тод өнгө, хурц дүрсээрээ онцлог. Asus үүнийг “TrueBlack Glossy” технологиор шийдэхээр зорьжээ. Энэ технологи нь “zero-haze” буюу бүрэн тунгалаг давхаргатай бөгөөд гэрэл ойлтыг багасгах дэвшилтэт давхарга бүхий бүтэцтэй.
WOLED ба MLA технологи
Шинэ загварууд WOLED дэлгэц ашиглаж байгаа ба энэ нь өнгө бүрдүүлэхийн тулд нэгэн цагаан гэрлийн давхарга дээр өнгөний шүүлтүүр ашигладаг. LG-ийн Micro Lens Array (MLA) технологи нь дэлгэцийн гэрэлтэлт болон дүрслэлийн чанарыг нэмэгдүүлэхээс гадна, Asus-ийн “TrueBlack Glossy” шийдлийг бүрэн дэмждэг аж.
Гүйцэтгэлийн хоёр хувилбар:
- XG32UCWMG: 4K 165Hz эсвэл FHD 330Hz горимд шилжих боломжтой
- XG32UCWG: 4K 240Hz эсвэл FHD 480Hz хүртэлх горимыг дэмждэг
Хоёр дэлгэц аль аль нь DisplayHDR True Black 400 гэрчилгээтэй болж байгаа бөгөөд G-Sync Compatible болон FreeSync Premium Pro технологийг дэмжинэ. Хариу үйлдлийн хурд нь ердөө 0.03ms (GTG) байгаа нь OLED дэлгэцүүдийн хурдтай шинж чанарыг баталж байна.
Холболт ба дизайн
Хэрэглэгчдийн орон зайг хэмнэх үүднээс дэлгэцийн нийт гүнийг 30%-иар багасгасан бөгөөд дараах портуудтай:
- 2x HDMI 2.1
- 1x DisplayPort 1.4
- USB DP Alt Mode
- KVM функц
- 2-порттой USB хаб (15W хүртэл цэнэглэлт дэмжинэ)
Одоогоор эдгээр шинэ мониторын үнэ болон нээлтийн огноо зарлагдаагүй байгаа ч, ирэх долоо хоногийн Computex арга хэмжээнд дэлгэрэнгүй мэдээлэл гарах төлөвтэй байна.