Цахим спортын шударга ёсны асуудлыг хянадаг Esports Integrity Commission (ESIC)-оос Монголын “ATOX” багийн хэд хэдэн гишүүдэд авлигын эсрэг дүрэм зөрчсөн үндэслэлээр шийтгэл ногдуулсан талаар мэдэгдлээ. Тэдний дунд багийн ахлах тоглогч Б.Ган-Эрдэнэ буюу “dobu” болон Б.Бат-Энх буюу “kabal” нар насан туршдаа Counter-Strike (CS) тоглоомоос хоригдох шийтгэл хүлээжээ.
ESIC-ийн тайлбарласнаар дээрх хоёр тоглогч нь аналист Б.Ана-Эрдэнэ “nuka”-гийн хамт 2024 оны сүүлээс 2025 оны гуравдугаар сарын хооронд нийт 70 гаруй сэжигтэй тоглолтод оролцсон бөгөөд тоглолтын үр дүнг урьдчилан тохиролцсон, тоглолт наймаалцсан нь нотлогдсон байна. Үүний улмаас гурвууланд насан туршийн хориг тавьжээ.
Насан туршийн хориг аваагүй ч шийтгэл хүлээсэн бусад гишүүдийн хувьд:
- Б.Тэмүүлэн “MiQ” – нэг жилийн хориг
- Б.Отгонлхагва “AccuracyTG” – найман сарын хориг
- Э.Мөнхсайхан “Zesta” – найман сарын хориг
- Багийн ахлах дасгалжуулагч Г.Төгөлдөр “FlyNN” – гурван жилийн хориг
Багийн гишүүдийн олонх тоглолт наймаалцсан хэргээр хариуцлага хүлээж буй энэ үед “kabal”-ын өөрийн цахим хуудсаараа дамжуулан бичсэн “Бид бүгд нэг завин дээр суугаа шүү” гэх үгс олон нийтийн анхаарлыг татаж, Монголын цахим спортын орчинд тогтсон хуйвалдаан байж болзошгүй гэх эргэлзээг улам лавшрууллаа.
Энэхүү дуулиан Монголын цахим спортын ирээдүйд хүнд цохилт өгөөд зогсохгүй, тоглогчдын ёс зүй, хариуцлагын асуудлыг дахин анхаарлын төвд авчирч байна. Шударга өрсөлдөөн, спортын ёс зүйн суурь зарчмыг зөрчсөн үйлдэл нь зөвхөн хувь хүн төдийгүй баг, цаашлаад улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлөхийг энэ хэрэг тод харууллаа.