10
Японы “H2L Inc.” компани Жэймс Камероны алдарт “Avatar” кинонд гардаг шиг хэрэглэгчийг роботтой холбон, биечлэн удирдах боломж олгодог шинэ төрлийн капсул төхөөрөмжийг танилцуулжээ.
Өдөр тутмын ажлаа та өөрийн биеэр бус, капсул дотор тухлан суугаад гүйцэтгэж болно гэж төсөөл дөө. Энэ нь уран зөгнөл биш, харин тун ойрын ирээдүйд бодит шийдэл болох гэж байна.
Төхөөрөмж хэрхэн ажилладаг вэ?
- “Capsule Interface” нэртэй энэхүү төхөөрөмж нь булчингийн хөдөлгөөн илрүүлэгч мэдрэгч, чанга яригч, дэлгэцээр тоноглогдсон.
- Хэрэглэгчийн биеийн жижиг хөдөлгөөнүүдийг өндөр нарийвчлалтай илрүүлж, робот руу дамжуулдаг.
- Жаахан хөл хөдөлгөхөд робот алхаж, гар бага зэрэг хөдөлмөгц өргөх, түлхэх зэрэг үйлдэл гүйцэтгэнэ.
- Булчингийн агшилт, сулралын маш өчүүхэн өөрчлөлтийг хүртэл мэдэрч, роботод хүч, даралт зэрэг тактиль (арьсаар мэдрэх) мэдээлэл дамжуулдаг.
- Капсулын доторх дэлгэцээр дамжуулан хэрэглэгч роботын харж буй орчныг шууд хүлээн авч, өөр газар шилжсэн мэт бодит мэдрэмж авдаг.
Дараагийн шат – мэдрэмж дамжуулах технологи
“H2L” компани одоогоор proprioceptive feedback буюу роботын мэдэрч буй даралт, эсэргүүцлийг хэрэглэгчийн биед буцаан дамжуулах технологийг туршиж байна. Энэ нь хэрэгжсэнээр хэрэглэгч хөдөлгөөн дамжуулахаас гадна роботын мэдэрч буй мэдрэмжийг биеэрээ мэдэрч, бүрэн immersive (орчинд бүрэн шингэсэн) туршлагатай болох боломжтой.
Үнэ ба ирээдүйн төлөв
- Энэхүү капсул төхөөрөмж ойрын хугацаанд зах зээлд гарах бөгөөд эхний үнэ нь 30 сая иен буюу ойролцоогоор 208 мянган ам.доллар байх аж.
- Өндөр өртөгтэй эхлэх ч хэрэглээ өргөжиж, эрэлт нэмэгдэхийн хэрээр үнэ буурах төлөвтэй гэж шинжээчид үзэж байна.