Австралийн Засгийн газар 16-аас доош насны хүүхдүүдийн цахим сүлжээ ашиглалтыг хязгаарлах шинэ хуульд YouTube-ийг багтаахаар шийдвэрлэжээ. Alphabet компанийн эзэмшилд байдаг YouTube нь Facebook, Instagram, Snapchat, TikTok, X зэрэг платформуудтай хамт энэ оны арванхоёрдугаар сараас хэрэгжих хоригт хамаарах юм.
Ингэснээр Австралид 16-аас доош насны хүүхдүүд томоохон нийгмийн сүлжээний аль ч платформд нэвтрэх боломжгүй болно. Хуулийн дагуу цахим сүлжээний компаниуд насны шалгуурыг хангаагүй хэрэглэгчдийг бүртгэхээс сэргийлэх үүрэгтэй бөгөөд энэ заалтыг зөрчвөл 50 сая австрали доллар буюу ойролцоогоор 32 сая ам.долларын торгууль ногдуулна.
YouTube-ийг хоригт оруулах шийдвэрт Австралийн цахим аюулгүй байдлын комиссын хийсэн судалгаа нөлөөлсөн байна. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн 37 хувь нь тус платформ дээр жендерийн ялгаварлал, үзэн ядалт, аюултай сорилт, зодооны бичлэг, эрүүл бус хооллолт болон өдөөн хатгалт зэрэг хортой агуулгатай таарч байсан гэж мэдэгджээ.