Австрали ChatGPT-ийн өрсөлдөгч Matilda хиймэл оюун ухаан бүтээж байна

нийтлэгч Содном Энхбаяр
Австрали ChatGPT-ийн өрсөлдөгч Matilda хиймэл оюун ухаан бүтээж байна

Австралийн Maincode стартап үндэсний хэмжээний анхны том хэлний загвар болох Matilda-г боловсруулж байгаа талаар Australian Financial Review мэдээлэв. Энэхүү төсөл нь хиймэл оюун ухааны салбарт дэлхийд тэргүүлж буй ChatGPT-тэй өрсөлдөх зорилготой бөгөөд эхний шатанд тусгай хэрэглээнд төвлөрч, дараа нь өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Матильдагийн эх хувилбарыг зөвхөн орон нутгийн хэрэгцээнд чиглүүлж буй бөгөөд сургалтын явцад төрийн байгууллагуудын өгөгдлийг ашиглаж байгаа аж. Тухайлбал, Австралийн Татварын албаны мэдээллийг суурь болгон хэрэглэснээр иргэдийн тулгардаг нарийн төвөгтэй асуултад илүү нарийн, бодитой хариу өгөх чадвар бий болж байна.

Maincode-ийн үүсгэн байгуулагч Дэйв Лемферс:
“ChatGPT нь орон нутгийн татвар болон хууль эрх зүйн асуултад хариулахдаа олонтаа алдаа гаргадаг. Харин Matilda бол энэ дутагдлыг арилгах гарц юм” гэж онцолсон байна.

Цаашид тус компани австраличууд болон бизнесийн байгууллагуудын итгэлийг хүлээх чадвартай загвар хөгжүүлж, Европын Mistral, АНУ-ын OpenAI, Anthropic, Meta, xAI зэрэг технологийн аваргуудтай өрсөлдөхийг зорьж байгаа аж. Үүнээс гадна “AI загварын үйлдвэр” байгуулж, хэрэглэгчид Matilda дээр тулгуурласан тусгай шийдэл бүтээх боломжтой болохыг мэдэгдэв.

Одоогоор систем нийтэд нээлттэй биш боловч эрт нэвтрэх бүртгэл эхэлжээ. Албан ёсны танилцуулга нь энэ оны аравдугаар сард Сидней хотод болох SXSW бага хурлын үеэр хийхээр төлөвлөгдсөн байна.

Холбоотой нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх

MongolTechNews — Монгол болон дэлхийн технологийн хамгийн сүүлийн үеийн мэдээ
MongolTechNews нь ухаалаг гар утас, хиймэл оюун ухаан, блокчэйн, финтек, стартап, программ хангамж, ирээдүйн технологи зэрэг Монгол болон дэлхийн технологийн салбарын хамгийн сүүлийн үеийн мэдээг танд хүргэнэ.